Коронавирус бэлгийн замаар дамжиж болохыг нотолжээ
Коронавирус бэлгийн замаар дамжиж болохыг хятадын эрдэмтэд нотолсон байна. Ройтерс агентлаг “Journal of the American Medical Association” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнг иш татан ингэж мэдээлжээ.
Хятадын Шанцю хотын нэгэн эмнэлэгт эр хүйсийн өвчтөнүүдэд хийсэн шинжилгээгээр олж авсан мэдээлэл нь өвчин халдварлах ийм шинэ зам байж болохыг харуулж байна. Шинжилсэн 38 өвчтөний зургаа буюу 16 хувийнх нь үрийн шингэнээс SARS-CoV-2-ын ул мөр илэрчээ. Шинжилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн бие сайжирч байсан ч халдвартай хэвээр үлдсэн нь илт байна гэж мэргэжилтнүүд тодруулан тайлбарлажээ.
COVID-19-ийг үүсгэгч нь Зика юмуу Эбола өвчин үүсгэдэг вирусийн адилаар үрийн шингэнд байж болох юм гэж өмнө нь эмч нар таамаглаж байсан юм. Гэвч өвчилсөн 12 эрэгтэйн үрийн шингэний өмнөх шинжилгээ нь SARS-CoV-2-ын хариу сөрөг гарсныг харуулсан байна.
Шинжилгээг цөөн хүнд хийсэн учир бодит дүн өөрчлөгдөж болохыг эрдэмтэд онцолсон байна. Үүнээс гадна үрийн шингэнд байгаа коронавирусийн өдөөгч нь бэлгийн хавьтлаар нөгөө хүнд халдаж болох эсэх нь яг тодорхойгүй байгаа ажээ. “Эрэгтэй хүний эрүүл мэндэд SARS-CoV-2-ын үзүүлэх нөлөө нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үндсээр нь өөрчилж болох юм” гэж мэргэжилтнүүдийн хэлснийг Ройтерс агентлаг иш дурдсан байна.
Энэ талаар томоохон судалгаа хийх төдийгүй, COVID-19 нь алс хэтдээ өвчтөнүүдийн нөхөн үржихүйн тогтолцоонд хэрхэн нөлөөлж болохыг тодруулах хэрэгтэй гэж эмч нар үзэж байна.
COVID-19 үсээр дамжин халдварлаж болохыг Оросын мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор Анатолий Альштейн сэрэмжлүүлснийг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Вирус үсэнд гурван хүртэл өдөр байж болох бөгөөд халдвар авах эрсдэлийг багасгахын тулд малгай өмсөж, гэртээ ирээд үсээ угааж байхыг зөвлөж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ