Дэлхийн хамгийн том уруултай бүсгүй

Болгарын 22 настай оюутан бүсгүй Андреа Иванова гадна төрхөөрөө барби хүүхэлдэйтэй адилхан болохын тулд урууландаа 20 удаа тариа шахуулсныг хэвлэлд бичжээ.

Дэлхийн хамгийн том уруултай бүсгүйчүүдийн нэг болох тэрээр дөрөвдүгээр сарын 28-нд урууландаа дахин гиалуроны хүчил тариулсан тухайгаа ярьжээ. Гадна төрхөө цаашид өөрчилж, уруулаа улам томсгохыг хүсч байгаагаа бүсгүй хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр өөр болсон зургуудаа өөрийн @andrea.andrea345 инстаграм хуудсанд байршуулж, олон арван мянган дагагчидтайгаа хуваалцжээ.

“Эмч нар намайг боль гэсэн боловч би уруулаа улам том болгохыг хүсдэг. Миний эмч надад бас нэг тарилга хийхийг зөвшөөрсөн. Гэхдээ дараачийн тарилга хүртэл наад зах нь хоёр сар хүлээх хэрэгтэй. Тарилга хийлгэсний дараа юм идэхэд хэцүү байдаг ч миний шинэ уруул надад маш аятайхан санагддаг. Миний уруул дэлхийд хамгийн том нь гэдэгт би итгэдэггүй. Харин хамгийн том уруултай хүмүүсийн нэг нь байх” гэж бүсгүй ярьсан байна.

Иванова 2018 оноос уруулаа томруулж эхэлсэн бөгөөд сард нэг удаа тариа хийлгэж байжээ. Тэрээр уруулаа тогтмол томруулахын сацуу хөхөө томруулах мэс засал мөн хийлгэсэн байна. "Би хүүхэд байхаасаа л Барби шиг харагдахыг мөрөөддөг байсан" хэмээн тэр ярьдаг байна. 

Гэвч олон нийтийн сүлжээний хэрэглэгчид түүнийг хүүхэлдэйн  “Looney Tunes” цувралын  Даффи Дак нугастай илүү адилхан гэж хэлдэг аж. Бүсгүй харин өөрийн сонголтдоо сэтгэл дүүрэн явдаг бөгөөд гадаад төрх нь  гоо сайхны нийтлэг жишигт тохирохгүй  байлаа ч хүмүүс хүссэнээрээ харагдах эрхтэй гэж үздэг байна. 

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ