Болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршлын тоог нэмлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Өнөөдрийн хурлаар болзошгүй гамшгийн үед түр цугларах, газрын байршлын тоог нэмэх, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах  иргэдийн тоог нэмэх, “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, Зарим барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршлын тоог нэмэх асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл баталлаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршил, тоо хэмжээг тогтоосон байдаг. Уг тогтоолоор есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглахаар төлөвлөн баталсан байдаг. Тэгвэл өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг тоог 82-оор нэмж нийт 193 байршилд түр цуглахаар тогтлоо. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн: “Гамшгаас хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2016 онд анх 111 байршыг тогтоож байсан. Үүнээс хойш эрх зүйн орчин шинэчлэгдсэн учраас өөрчлөх шаардлага тулгарсан. Өнгөрсөн онд иргэдийг хамруулсан иж бүрэн сургалт, ажлыг зохион байгуулсан. Эндээс түр цугларах байршлуудын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан” гэв.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэллээ.

Тэргүүлэгч Ж.Батбаясгалан: -Улаанбаатар хот цөөн хүн амтай, газар нутгийн хэмжээ томтой. Манай хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Өнгөрсөн онд иж бүрэн сургалт зохион байгуулсан. Үүнд иргэд идэвхтэй сайн оролцсон. Иймээс манай Онцгой байдлын газар болон бусад төрийн байгууллагууд энэ эрчээ алдахгүй ажиллах ёстой. Бид аливаа эрсдэл, гамшгийн үед  бэлэн байх ёстой. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг нэмэгдэж байна. Манай  хотод ч гэсэн болзошгүй эрсдэл ирэхэд ойрхон. Манай хотын иргэдийн тал орчим  хувь нь дэд  бүтцээс хол гэр хороололд амьдарч байгаа. Энд маш өндөр эрсдэл байдаг. Гал түймрээс авахуулаад эрсдэл өндөртэй бүсэд амьдардаг гэсэн үг. Тиймээс урьдчилан сэргийлэх ажил хийх нь чухал гэдгийг хэлмээр байна.
Тэргүүлэгч Ш.Үнэнбат: -94 дүгээр тогтоолоор 111 байсан. Одоо 82-ыг нэмж байна. Эдгээр байршилд яарч сандарсан хүмүүс ирнэ. Тэндээсээ хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ гэж тооцоолсон байх. Эдгээр байршилд  нисдэг тэрэг буух боломжтой юу. Мөн өмнөх тогтоол дээр аж ахуй нэгжүүдийн газрыг давхцуулаад өгсөн үүнийгээ засаарай.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн: -Өмнөх 94 дүгээр тогтоол учир дутагдалтай байсан. Нисдэг тэрэг буух зогсоол байхгүй байсан. Харин шинэ байршлууд дээр нисдэг тэрэг буух асуудлыг судалж байна.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай: -Нисдэг тэргийг хэрхэн буулгах вэ гэдэг анхаарал татаж байгаа. Одоогийн байдлаар хамгийн тохиромжтой нь цэцэрлэгт хүрээлэн байхаар тооцож байна. Бид нисдэг тэрэг буух талбайгаа тогтоогоод  бусад үед хувийн нисдэг тэрэг буух хувь хүмүүст түрээслүүлж болно.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: -Хамгийн гол асуудал Ш.Үнэнбат тэргүүлэгчээс  сая гарч байна. Тэр 193 байршилд чинь байгалийн гамшиг, эрсдлийн үед том оврын ачааны машины орж гарах гарц, нисдэг тэрэг буух талбай байна уу, онцгой нөхцөл үүссэн үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр яаж ажиллах вэ гэдгийг л асуугаад байна. Түүнээс биш байршил түрээслэх мөнгө төгрөг олон асуудал энд яриагүй байна. Дарга нар буруу хариулт өгч байна гэсэн юм.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва гамшгийн үед түр цугларах байршлуудын мэдээллийг иргэдэд сайн тараах зөвлөмж өгөв.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах  иргэдийн тоог нэмлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас энэ онд нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо өмнөх жилүүдэд 60-70 хүн байсныг нэмэгдүүлж 122 болгон тогтоосныг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Т.Болдбаатар хэллээ. Энэ онд Баянзүрх дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 20, Чингэлтэй дүүрэгт 16, Хан-Уул, Налайх дүүрэгт тус бүр 13, Багахангай дүүрэгт найман  иргэнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтов.

“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгж байгуулахыг дэмжив

Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр  хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгж байгуулах асуудлыг мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. Гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2020-2023 онд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Судалгааны үндсэн дээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох, хүнсний хог хаягдлыг  иргэдийн оролцоотой дахин боловсруулах  төслүүдийг хэрэгжүүлэх  хүнсний хог хаягдлыг дахин боловсруулалтыг өргөжүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил хийх аж. Энэ хүрээнд таван хорооны  10 өрхийн  дунд иргэдийн оролцоотой хүнсний хог хаягдал дахин  боловсруулах, таван сургууль, таван цэцэрлэгийн дунд  сурагчдын оролцоотой  хүнсний хог хаягдал дахин боловсруулах, хүнсний хог хаягдлаар  өдөрт 2000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгууламж байгуулахаар зорьж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдууланТэргүүлэгч Ж.Батбаясгалан: -Дэлхий дахинаа НҮБ-ын тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжиж буй төслийн нэлээд  томоохон хувийг ядуурлыг бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг төслүүд эзэлж байна. Тэр дундаа хүнсний хог хаягдлын судалгаа томоохон байр суурьтай байгаа. Нийт хүнсний гуравны нэгийг хаяж байна гэдэг судалгаа байдаг. Иймээс хог хаягдлаа дахин боловсруулж, улмаар ядуурлыг бууруулах ёстой гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа. Энэ хүрээнд бүс нутгууд улс орнууд бие биедээ дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд уг төсөл манайд хэрэгжихээр болсон гэв.
Хуралдаанаар “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгж байгуулахыг дэмжив.

24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Нийслэийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж, 24.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Үүнд

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 32, 127 дугаар сургуулийн барилга
  • Нийслэлийн 19, 228, 251, 253, 258 дугаар цэцэрлэгийн барилга, 115, 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
  • Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн барилга
  • Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газрын конторын өргөтгөлийн барилга
  • Баянгол дүүргийн Ахмад хөгжлийн төвийн  барилга
  • Сүхбаатар дүүргийн зургаан автомашины гараж, конторын барилга
  • Сүхбаатар дүүргийн Аврах гал унтраах 74-р ангийн контор гаражийн цогцолборын барилга тус тус багтав.

Мөн  нийслэлийн ерөнхий боловсролын 79, 87 дугаар сургуулийн багш ажилчдын орон сууцыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжив.Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Мөнхбат “Боловсролын салбарын хашаанд байгаа барилга гэдгийг бодолцох ёстой. Өмчлүүлсний дараа нураагаад өндөр байшин барьчихвал сургууль талбайгүй болно шүү. Үүнийг Өмчийн харилцааны газрынхан, хот төлөвлөлт, газрын албаныхан  анхаараарай” гэв.
Хуралдааны төгсгөлд “Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг шалгаруулах тухай”  болон Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай асуудлыг хэлэлцэн нийслэлийн тэргүүний тариаланчаар гурав, нийслэлийн тэргүүний фермерээр найман хүнийг шагнахыг дэмжлээ. Мөн боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, үйлчилгээний салбарт үр бүтээлтэй ажилласан 142 хүнийг төрийн шагналд тодорхойлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтов.

Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ

Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар Олон нийтийн цагдаагийн тоог тогтоож, ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн Нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 32, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс 224 олон нийтийн цагдааг нэмж ажиллуулахаар боловОлон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажиллана. Олон нийтийн цагдаа нар 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үүрэг гүйцэтгэнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ