Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ.

Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх сарын 18-23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болох Азийн АШТ-д гуравдугаар сард БНХАУ-ын Шиань хотод болох олимпийн жинд түрүүлсэн бөхчүүд Азийн тивийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцох юм.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 86 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 59 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Хамгийн анхаарал татсан барилдаан эрэгтэйчүүдийн 57, 65 кг-ын жинд болсон гэхэд хилсдэхгүй.
57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Токио-2020” олимпийн наадамд зодоглохын тулд өнгөрсөн жилээс хэд хэдэн тэмцээнд доод жиндээ хүч үзсэн “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар хагас шигшээд тааран барилдахад Т.Түвшинтулга 4:4-өөр ялснаар урд хөршид олимпийн эрхийн төлөө хүч үзэхээр боллоо.
65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн жилийн дараа хуучин жиндээ буюу 65 кг-ын жинд улсын аваргадаа зодоглосон. Тэрбээр манай эрэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын цорын ганц эрхийг авчираад буй ОУХМ Т.Тулгатай 1/4 шигшээд тааран барилдаж 4:3-өөр туршлага заан илүүрхэв. Ингэснээр Г.Мандахнаран, Т.Тулга нарыг ирэх хавар олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд авч явж өндөр амжилт үзүүлсэн болсон хэд хэдэн үзүүлэлтийг харгалзан нэгийг нь сонгож Токиогийн олимпод авч явна. 86 кг-д “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон ОУХМ О.Үйтүмэн жингийн гол өрсөлдөгч ОУХМ Г.Ганхуягийг ялсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ц.Намуунцэцэг өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Н.Анударийг оноогоор цэвэр ялж шигшээд шалгарлаа. Өнөөдөр эхний өдрийн долоон жингийн дагах ба шигшээ барилдаан, эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ