70 жил ханилсан эхнэр, нөхөр хоёр 20 минутын зайтай нас баржээ

      70 жил ханилсан Америкийн Мичиган муж улсын Жексон хотын эхнэр, нөхөр хоёр  хөнгөвчлөх эмчилгээний тасгийн зэргэлдээ орон дээр 20 минутын зайтай нас барсан байна.  “Сан” сонинд ингэж бичжээ. 

Лес болон Фреда нар Остин сургуульд сурч байхдаа танилцсан аж.  Тэд төгсгөлтийн үдэшлэгээр  анх болзсон  байна. Тэд 1949 оны арваннэгдүгээр сард гэрлэжээ.

Лес Солонгосын дайны үед нисэх онгоцны радиочноор АНУ-ын зэвсэгт хүчинд алба хааж, дараа нь Мичиган муж улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байсан байна. Тэр гэр орон, хашаандаа ажиллах дуртай байснаас гадна, вестерн кино их үздэг, жүжигчин Жон Уэйнтэй холбоотой эд зүйлс  цуглуулдаг байжээ.  Фреда “Brail Dry Cleaning” компанид олон жил менежерээр ажиллаж, хоолны ном цуглуулдаг байсан юм.

Тэд далайн эрэгт амарч, гэрэлт цамхаг дээр гарах дуртай байжээ. Мичиганы бараг бүх гэрэлт цамхагийг үзэхээр очиж байсан гэж тэдний охин Сэнди Маэс ярьсан байна.

Арваннэгдүгээр сард тэд хуримынхаа 70 жилийн ойг тэмдэглэжээ. Тэд хамтдаа амьдарсан хугацаандаа  ганцхан удаа л муудалцсан гэдэг, тодруулвал өвөө  Солонгосын дайны үед  цэрэгт алба хаахаар явах болж,  энэ тухайгаа хэлээгүйд Фреда эмээ уурласан гэдэг хэмээн зээ охин Лея Смит  нь хэлжээ. 

Тэднийг арванхоёрдугаар сарын 6-нд хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтүүлсэн бөгөөд зэргэлдээ орон дээр хэвтэж, арванхоёрдугаар сарын 7-нд нас баржээ. Тэднийг Мичиган муж улсын Мейсон хотод арванхоёрдугаар сарын 17-нд оршуулсан байна. Лес, Фреда хоёр хоёулаа 90 нас хүрсэн байжээ.

Зэргэлдээ орон дээр нас барсан нь “их л романтик шинжтэй” байсан бөгөөд та үүнийг төсөөлж байгаа биз” хэмээн тэдний хүү Майкл сурвалжлагчид хэлсэн байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ