СХД-ийн зарим хороодын сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч Баасан гаригийн орой /2019.11.22/ Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод байрлах сайжуулсан түлшний борлуулалтын цэгүүдээр орж түлшний нөөц, түгээлт хэрхэн хийгдэж байгааг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд байрлах 139-р цэгийн борлуулагч Ө.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компаниас өдөрт найман тонн нийлүүлэгдэж байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн өдөрт авах түлшний хэрэгцээ нэмэгдэж байна. Манай цэгээр өдөрт 1600 гаруй хүн үйлчлүүлдэг. Тиймээс 8-10 тонн түлш нийлүүлэх шаардлагатай байна. Харин түлшний чанарын тал дээр иргэд их ам сайтай байгаа” хэмээсэн юм.
Хотын Захирагчийн дараагийн орсон цэг бол СХД-ийн 32-р хороонд байрлах Х.Ц.05-р цэг. Тус цэгт сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлт хангалтгүй, иргэд бухимдалтай байгаа талаар борлуулагч Х.Ариунтуяа хэлсэн юм. Энэ үеэр “Таван толгой түлш” компаний СХД-дэх түлшний түгээлт хариуцсан менежер Ц.Замбалгаравт сайжруулсан түлшний түгээлтийг яаралтай олгож ажиллах үүргийг өгөв.
Дүүргийн 23-р хороонд байрлах дундын 04 дүгээр цэгт 17 савлагч өдөрт 26 тонн сайжруулсан түлшийг савлан ажиллаж борлуулалтын арван цэгт түгээлтийг хийдэг байна. Борлуулагч О.Зоригтсүх ”Түлшний хангалт сайн хийгдэж байгаа ч нийлүүлэлт хийх машин дутмаг байдаг. Энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим борлуулалтын газарт түлшний түгээлт нийлүүлэлт муу байна. Сайжруулсан түлшний тээвэрлэлт хариуцсан компаниуд шаардлага хангахгүй байгаа бол дариухан арга хэмжээ авч ажилла, мөн түгээлтэн дээр онцгой анхаарал хандуулж, борлуулалтын цэг тус бүртэй байнга харилцаа холбоотой ажиллаж бай” хэмээх үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ