Н.Цэрэнбат: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болголоо

Дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэм, цаашлаад 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрт 200 гаруй улс нэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна.

Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан.

Тус хэлэлцээр нь 2020 оноос нэгдсэн байдлаар хэрэгжиж эхлэхтэй холбогдуулж гишүүн орон бүр дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмрээ тодорхойлж, тогтмол тайлагнаж, хүлэмжийн хийг бууруулах зорилтоо ахиулах шинэ тогтолцоонд шилжиж байгаа юм.

Иймд, Монгол Улсын Засгийн газар 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр төр, Монгол Улсад суугаа гадны элч, төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөллийг оролцуулсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улсын шинээр тодорхойлсон хувь нэмрийг олон нийтэд таниулан, сурталчлах бөгөөд үндэсний энэхүү шинэ хөгжлийн чиг хандлагад гадаад, дотоодын бүхий л талуудыг хүчин чармайлтаа нэгтгэн, бодит үр дүнтэй хамтран ажиллахыг уриалж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Нийт эдийн засгийн 80 гаруй хувь уур амьсгалаас шууд хамааралтай манай улсын хувьд конвенц болон хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон талын дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллах нь улс орны эдийн засаг, ирээдүйн аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой.

Мөн бид конвенц болон Парисын хэлэлцээрийн гишүүн улсын хувьд уг зорилтоо тодорхойлж хүргүүлэх үүрэг хүлээсэн юм.

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/91 дүгээр тоот тушаалаар салбар дундын ажлын хэсгийг байгуулж, олон улсын шинжээч, үндэсний зөвлөхүүдтэй хамтран эдийн засгийн голлох салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбаруудын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгагдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг тооцоолж, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг тодорхойлоод байна.

Үүний үр дүнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд ямар ч арга хэмжээ авахгүй байх түвшинтэй харьцуулахад 14% бууруулахаар 2015 онд тодорхойлсон өмнөх зорилтыг ахиулан 22.7% болгосныг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.

Уг хурлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг баталж, Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Үүнд Монгол Улс эдийн засгийн тэргүүлэгч салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга, аж үйлдвэр, хог хаягдлын чиглэлээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, арга хэмжээнүүдийг тодорхойлов.

Хөгжлийн чиг хандлагыг тогтвортой, ногоон болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх дээрх шинэ тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, дэмжлэг нэн чухал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин