Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ, одоогоос 30 жилийн өмнө нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх үйл хэрэг нь Монгол Улсын түүхэнд байгаагүй өөрчлөлт шинэчлэлт байсныг онцлон дурдав.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.

Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас асуулт асууж тодруулан төслийг дэмжиж буйгаа хэллээ. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар медаль бий болгож баяр тэмдэглэж баярлахдаа гол биш ардчиллыг улам бэхжүүлэх, үнэт зүйлсээ хамгаалах, шударга ёсыг эрхэм болгож ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарах ёстойг хэлээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч хэлж байв. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.

Мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлыэ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монголбанкнаас энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 10 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан манай улс импортлогч улс учраас төгрөгийн ханш тогтвортой, чанга байх ёстой атал Монголбанк энэ чиглэлээр тодорхой ахиц гаргаж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан нар төсөв, мөнгөний бодлого уялдаатай байх ёстой, иймээс ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох чиглэлээр санал гаргасан ч Байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй учраас энэ саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол ипотекийн зээлийг эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар бодитой ямар арга хэмжээ авах гэж байгааг лавлаж тодруулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр уул уурхайгаас хамаарсан хамаарлыг багасгахад Төв банк, Засгийн газар онцгой анхаарч төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах хэрэгтэй байна. Тэгж байж эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийг бууруулах ёстой, энэ чиглэлээр бодлогын сахилга батыг хангах, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн зохицуулалт хийх шаардлагатай байгааг хэлээд ажлын хэсгээс энэ талаар тодруулж хариулт авсан юм.    

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, тогтоолын төслийн 2 дахь заалтын 1 дэх дэд заалтыг “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах” гэж өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь, тогтоолын төслийн хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус өөрчлөн найруулахыг 59.1 хувь нь дэмжив. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.энх-Амгалан нар төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, зээлийн хүүг буруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн агуулгатай дэд заалтыг шинээр нэмэх санал гаргасан нь олонхийн дэмжлэг авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн саналаар тогтоолын төслийн 2 дахь заалтад “санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн агуулгатай дэд заалт нэмэхээр тогтов. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд батлагдлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий дэлхийн хамгийн том мэргэжлийн байгууллага юм.

Тус байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл ордог. Харин БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар 2007 оны 11 дүгээр сард Колумбид болсон тус байгууллагын Ерөнхий Ассамблейн 17 дугаар хуралдаанаар хятад хэлийг албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлтийг гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог. Одоогоор тус байгууллагын гишүүн 72 улс энэхүү нэмэлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байгааг сайд танилцуулгадаа дурдав.

Манай улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад гишүүнээр нэгдэн орсон агаад сүүлийн жилүүдэд тус байгууллагатай идэвхтэй харилцаж, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдэд сургалт явуулах, аялал жуулчлалын тандалтын төв байгуулах зэрэг үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгээр хамтран гүйцэтгэж иржээ.

Цаашид Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээ тогтмол өсөх, түүнчлэн БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийн нэг юм. Иймээс хятад хэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болгох тухай Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Сайдын илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

Дараа нь Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ дагуу 2017 оны 8 дугаар сарын 21- ний өдөр Сөүл хотноо тус гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

 Хуулийг соёрхон баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, тус бүсийн ойн салбарт нягт хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж нээгдэнэ. Хуулийн төслийг баталж, батламжаа гардуулснаар ойн нөхөн сэргээлт, ойн аж ахуйн арга хэмжээ, ойн түймрийн чиглэлээр тус байгууллагын бүсийн боловсрол, сургалтын төвд богино хугацааны сургалтад жил бүр 5-6 хүнийг сургах, Солонгосын их, дээд сургуульд ойн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт жилд нэг хүнийг хамруулах боломжтой болно гэдгийг сайд хэллээ.

Тус байгууллагад гишүүнээр элсэж, батламжаа гардуулсан гишүүн орнууд үр ашгаа хүртэж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш эдгээр орнуудад 300 мянгаас 2,5 сая хүртэлх ам.долларын төсөвтэй 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын жилийн үйл ажиллагааны зардлын 80 хувийг БНСУ бүрдүүлэх бол бусад оролцогч талууд 1 хувийг нь бүрдүүлэх бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны зардалд жил бүр 30 000 ам. долларын татвар төлөх юм байна. Манай улсын хувьд хэлэлцэзрийг соёрхон баталж, батламжаа тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хадгалуулахаар хүргүүлсний дараа татвараа төлөх агаад хууль батлагдмагц Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж шаардагдах зардлыг ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлаас гаргах боломжтой гэдгийг сайд дурдав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь дэмжлээ.

Ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээг соёрхон батлав

Үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн  "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.  

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ (БНХАУ, БНСУ, БНЭУ, Канад, БНКазахстан Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао), мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ (Орос, Турк, Польш, Куба) байгуулжээ. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан байна.  

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ" нь 19 зүйлтэй юм. Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж тус гэрээний төслийг үзэглэжээ. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар Ханой хотноо тус гэрээнд гарын үсэг зуржээ.

Мөн уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм.  Одоогийн байдлаар манай улсад Вьетнам Улсын 2 иргэн ял эдэлж байгаа, харин Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг. Манай улсад 407 вьетнам иргэн амьдарч байгаагаас 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй гэсэн мэдээллийг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж баталлаа.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлага үүсчээ. Иймээс энэхүү төслийн хүрээнд Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн найдвартай тасралтгүй, алдагдал багатай, үр ашигтай үйл ажиллагааг дээшлүүлэх, тостой тоноглолын хэрэглээг бууруулах, ашиглалтаас бүрэн гаргах, тоноглолын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах замаар түүхий нүүрсний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах замаар байгаль орчинд хор хөнөөлгүй шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, цахилгаан дамжуулах Ухаалаг сүлжээ бий болгож хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилтыг хэрэгжүүлэх юм байна. Уг гэрээг 2018 оны 6 дугаар сарын 22-нд гарын үсэг зурж байгуулжээ.

Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Уг зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх аж.

Төслийн хүрээнд 220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан хуучирч муудсан ВМТ-110, МКП-110 тип маркын 41 ш тосон таслуур, 17ш ОД, КЗ нийт 110 кВ-ын 58ш таслуур, 174ш гүйдлийн трансформаторыг реле хамгаалалт. автоматикийн хамт шинэчлэх, 220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан 35 кВ-ын С-35, МКП-35, ВТ-35 тип маркын 51 ш тосон таслуур 153 ш гүйдлийн трансформаторыг реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх, 220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, ИХБ-4” болон 220/110/35/6 кВ-ын “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын систем (Н1М/5СМ5)-ийг шинэчлэх, 220/110/35 кВ-ын ИХБ 4-ын автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх  зэрэг томоохон ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Мөн уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг соёрхон батлав.

Үргэлжлүүлэн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Далайн хөдөлмөрийн тухай конвенцийг 2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Швейцарь Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр хуралдаанаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэгдэн орсныг соёрхон баталсан.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бага хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Өнөөгийн байдлаар нийт 67 гишүүн улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байна. Далайн хөдөлмөрийн тухай конвенцид далайчдын эрхийг хангах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардпагыг ерөнхий тусгасан байсныг 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан тодорхой зохицуулалт нэмсэн.

Конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах үндэслэл үүсэж байгаа. Иймээс хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах нөхцөлийг бий болгох, тавих хяналтыг сайжруулснаар хөлөг онгоц эзэмшигчдийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой тул Далайн хөдөлмөрийн тухай конвенцид 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс соёрхон батлах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг хууль санаачлагч онцлов.

Мөн уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл соёрхон батлагдав.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хийлээ.

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр хэмжээтэй газар худалдан авч, Элчин сайдын яамны байрны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ.

Иймээс Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенцид хүлээн авагч улс нь томилогч улсын Дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасны дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй дээрх газрын солбицлыг улсын газрын кадастрын мэдээллийн санд шалган магадалж, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалттай аливаа давхардалгүй болохыг газар дээр нь хэмжилт хийж, баталгаажуулсан гэдгийг салбарын сайд илтгэлдээ дурдлаа. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2019-11-22 22:52:00

Сэтгэгдэл бичих

4+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty


Шинэ Их уншсан
Усанд урссан 13 амь
2018-08-03 19:52:00

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин