Танилц: АНУ-ын Сан-франциско хот дахь шинэ ерөнхий консул Б.Ургамалцэцэг
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах тэргүүтэй улстөрийнхөний ойрын хүмүүс гадаад улсад суух консулаар томилогдоод байна. Тэгвэл АНУ-д суух консулаар бас л улстөрчдийн хажуу хавирганы хүн томилогджээ.
Засгийн газрын хуралдаанаар АНУ-ын Сан-франциско хот дахь Ерөнхий консулаар Бандихүүгийн Ургамалцэцэгийг томиллоо.
Сан-францискогийн ерөнхий консулаар өмнө нь Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ажиллаж байсан. Нилээн хөөцөлдөлгөөтэй, танил тал, ар талтай хүмүүсийн залардаг суудал юм.
Сан-франциско хотод АНУ-д амьдардаг монголчуудын дийлэнх нь амьдардаг учир уг нь Ерөнхий консулын газар ажлын ачаалал ихтэй, хийх зүйлтэй газар ч тийм биш гэж тэнд байдаг монголчууд ярьдаг.
Тэгвэл Ерөнхийлөгчийн таалалд нийцэж, АНУ-ын Сан-франциско хот дахь Ерөнхий консулаар томилогдсон Б.Ургамалцэцэг гэж хэн бэ?
Б.Ургамалцэцэг нь Дундговийн 10 жилийн сургууль , Улсын Багшийн их сургууль, Удирдлагын академи төгсөж, АНУ-д суралцаж байсан.
Тэрбээр ажлын гараагаа Монголын социалист демократ намаас эхэлж улстөрийн ажилтан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байсан. Н.Алтанхуягийн ойрын хүрээний хүмүүсийн нэг.
Б.Ургамалцэцэг нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөхөд Н.Алтанхуяг дэмжиж байсан ч ялагдал хүлээсэн. Түүнийг нам дотроосоо дэмжлэггүй нэгэн гэдэг.
2012-2014 онд Н.Алтанхуягийг ерөнхий сайдаар ажиллаж байхад Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан. Дундговийн уугуул тэрбээр Боловсролын яаманд өөрийн нутгийн хэдэн хүнийг суурьшуулсан.
Н.Алтанхуягийг ерөнхий сайдын сэнтийгээс буухад мөн тэрбээр дэд сайдын суудлаа өгсөн.
Нэг хэсэг Ерөнхий Сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан гээд түүний намтар түүх улстөртэй салшгүй холбоотой.
2016 онд УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Сонгинохайрхан дүүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж ялагдаж байсан гээд ийм түүх намтартай нэгэн Сан-франциско дахь монголчуудынхаа төлөө ажиллахаар томилогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ