Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдаанд Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцүүлж, төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь тогтсон. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс уг тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авснаар тус тогтоол хүчингүй болсон. Тиймээс хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх хугацааг УИХ-аас тогтоосон. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Зөвшилцлийн ажлын баг нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгдсэн бөгөөд зарчмын шинжтэй хоёр санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаар, "Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх", "УИХ-ын сонгуулийн олонхын можаритор болон хувь тэнцүүлэх профорциональ тогтолцоог хослуулан явуулж, сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгөх" гэсэн зарчмын хоёр саналыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэдгийг дурдав. Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэн тодруулга хийсэн болон найруулга, редакцын шинжтэй нийт 11 саналаар дахин санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнийг танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын багаас асуулт асууж, тодруулга авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ