В.УДВАЛ : Улс төрийн сонирхлоор Үндсэн хуулиа өөрчлөх нь улс орны хөгжил, ирээдүйгээ харах харааг бүдгэрүүлдэг


Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан эрхзүйч, Үндсэн хууль судлаач В.Удвалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

Тэр бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар яригдаж буй энэ цаг үед  байр суурь, үзэл бодол, дуу хоолойг нь  сонсох ёстой хүмүүсийн нэг юм.

Та бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн дэд сайд гээд хариуцлагатай албууд хашиж явсан. Мөн улстөрч, Үндсэн хууль судлаач.  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна. Та ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?

 

Хашиж байсан албан тушаалтайгаа холбохгүйгээр Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаантай сүүлийн 30 гаруй жил холбогдсон багш, судлаачийн хувьд хариулья.

Аливаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох нь энэ төрлийн шинжлэх ухаан хөгжиж байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй, судлаж ойлгохгүй байгаагаас үүссэн  хүндрэлтэй асуудлаа 1992 оны шинэ Үндсэн хуулиас болж  байгаа юм шиг тайлбар яваад байдагт жаахан эмзэглэдэг.

Бид судлахгүй, заахгүй, мэдэхгүй байгаад учир байна гэж боддог. Өөрчлөгдсөний дараа дордлоо гэж ярьдагт л болохгүй зүйл нь байгаа юм шүү дээ. Шуудхан хэлэхэд улс төрийн сонирхлоор Үндсэн хуулиа өөрчлөх нь улс орны хөгжлийг, хүмүүсийн ирээдүйгээ харах харааг бүдгэрүүлдэг. Зарим хүмүүс “тоглоомын дүрмээ өөрчилж байж хөгжинө” гэж ярьдаг.


Энэ үнэн, бид 1992 онд энэхүү дүрмээ өөрчилсөн юм шүү дээ. Даан ч хэрэгжилтийг нь хангаж чадаагүй, ойлгож хэрэгжүүлэх “хүмүүс байсангүй”. Тиймээс одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх миний байр суурь “улс орны хөгжилд чөдөр тушаа болохооргүй”, шинжлэх ухааны үндэслэлтэй өөрчлөлт байхад л бүгд анхаарах ёстой гэж үзэж байна. Одоогийн улс төрчдийн яриад байгаа шиг 15-20 жилийн дараа дахиад хийснийгээ өөрчлөх өөрчлөлт байвал хэцүү л дээ.

 Өөрөөр хэлбэл, 1999 оны өөрчлөлтийг Ардчилсан нам олонх байхдаа хийснийг 2000 онд МАН олонх болох үедээ яг хэвээр нь баталсан. Тэгэхээр 1999 оны өөрчлөлтийг 2000 онд яг хэвээр нь дахин баталсан. Үндсэн хуулийн цэц яагаад авч хэлэлцээгүй вэ гэхээр процессийн алдаа гэж хүчингүй болгосон. 2000 онд цэцэд өгөөд нэг цагийн дараа баталсан.


Би ардчилсан Монгол Улсын иргэний хувьд болон судлаачийн хувьд  Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үгээ хэлсээр байгаа.

Ер нь Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталснаас хойш хэдэн удаа, ямар өөрчлөлт, шинэчлэлүүд хийгдэж байсан түүхтэй вэ?

Өнөөгийн Монгол Улс маань 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан. 1940 онд өмнөх Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Түүний 11 болон 34 дүгээр заалтад 1941 оны 2 дугаар сард нэмэлт оруулсан байдаг.

Энэ нь Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудийг шинээр байгуулсантай холбоотой байсан ба БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд шууд захирагдах 5 газар дээр Гар үйлдвэрийн хоршооллын төв зөвлөлийг нэмсэн байдаг. Мөн 1944 онд “сонгуулийн эрх нь хасагдагсдад сонгуулийн эрх олгож”, Үндсэн хуулийн 71 дүгээр зүйлийг “Ухаан мэдрэл солиу буюу шүүх таслах газраас сонгуулийн эрх хассанаас бусад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат 18 нас хүрэгсэд эрэгтэй, эмэгтэй, үндэс угсаа, шашин шүтлэг, боловсрол, нүүдэл суурьшлын байдал болон хөрөнгө чинээний байдлаар ялгаварлагдахгүй цөм сонгох эрхтэй болно” гэж өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, ашиг олж хөлсөөр ажиллуулагчид, урьдын хутагт хувилгаад, лам нар, хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж болон хошуу захирч байсан түшмэд, бөө удган, цагаан цэрэгт алба хааж байсан болон хувьсгалын эсэргүү хэрэгт оролцож байсан хүмүүсийн сонгуулийн эрхийг хасаж байсныг өөрчилсөн байна.

Түүнчлэн 1949 онд БНМАУ-ын 9 дүгээр их хурлаар сонгуулийн системийг өөрчлөх тухай  Цэдэнбал даргын илтгэлийг сонсож, Үндсэн хуульд  “олон үе шаттай ил сонгуулийн системээс нууцаар санал хураах шууд сонгуульд шилжих” өөрчлөлтийг хийсэн байна.

1940 оны Үндсэн хуульд эдгээр өөрчлөлтийн дараа засаг захиргааны нэгж, хүн амын төлөөллийн тоо гэх мэт нилээд олон асуудлуудад нэмэлт өөрчлөлт орж байсан байдаг.  

1960 онд дараагийн Үндсэн хуулиа өөрчлөн баталсан. Энэхүү Үндсэн хуульд цаг үеийн өөрчлөлтүүдийг оруулан нэмэлт өөрчлөлт оруулж байсан байдаг юм.

Эдгээрийн дотроос 1990 онд оруулсан нэмэлт өөрчлөлт түүхэн үүрэгтэй байдаг билээ. 1990 оны 3 дугаар сарын 23-нд БНМАУ-ын Үндсэн хуульд “Монголын хөдөлмөрчин ард түмэн өөрөө сонгосон депутатуудын бүрэлдэхүүнтэй Ардын Их Хурлаар уламжлан засгийн эрх барина”, “Бүх шатны Ардын хурал, тэдгээрийн депутатууд сонгогчдын өмнө ажлаа хариуцан тайлагнана. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн буюу Ардын Хурлын депутатын нэр төрд харш үйлдэл хийсэн Ардын Хурлын депутатыг сонгогчид нь олонхийн саналаар хэдийд ч огцруулах эрхтэй” гэх мэт заалтуудыг өөрчлөн найруулсан төдийгүй, Үндсэн хуулийн оршил хэсгээс “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн” гэснийг хассан байдаг.

 Энэ удаагийн шинэчлэлийн агуулгыг та тайлбарлана уу?

Дээрх нэмэлт өөрчлөлтүүдээс харвал тухайн цаг үеийн Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд иргэдийн эрхийг өргөжүүлсэн, байгууллагын болон эрх мэдэлтэй хэсгийн эрх хэмжээг хязгаарласан шинжлэх ухааны зарчимд нийцсэн нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуульдаа оруулж байжээ.

 Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн агуулгын хувьд янз бүр л байна даа. Судлаачийн хувьд болох болохгүй нь холилдсон байгаа болохоор юу ч гэмээр юм бэ дээ.

Жишээ нь, 191-ийн хоёрт иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан нэмэлт явж л байна, үүнийг дэмжмээргүй байдаг.

Гэтэл Ерөнхий сайд Засгийн газраа байгуулах, хариуцлага тооцох заалт орж байгаа, түүнийг дэмжмээр байдаг. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж буй процедур нь ойлгомжгүй учраас батлагдсан үзэл баримтлалаас гадна явц дунд шинэ концепци, заалт нилээд орж ирж, эсвэл хасагдаж байгаа нь биднийг алмайруулсаар байна шүү дээ.

Энэ нь нэг талаас хэлэлцүүлэг бүрийн үед асуудлыг сайжруулах, боломжгүй хэсгийг хасахад ач холбогдолтой байж болох юм.  Тиймээс ч ажлын хэсэг болоод улс төрчид “62 гишүүний өргөн барьсан төсөл бараг байхгүй болсон” гээд байгаа байх.

Тэдгээр өөрчлөлтүүдийн алдаа, оноо нь юу байв?

 Үүнийг дээр бараг хариулчихлаа. Хэн нэгний дарамтад орохгүй, бие даасан хөндлөнгийн шинжээчид л алдаа оноог дэнслэх ёстой байх. Өмнө нь өөр зүйл ярьж байсан хүмүүс ажлын хэсэгт болон дэд хэсэгт ороод огт өөр юм яриад байгааг л гайхаад байгаа.

Үндсэн хууль судлаач хүний хувьд асуухад дэлхийн улс орнууд ямар тохиолдолд Үндсэн хуульдаа гар хүрдэг юм бэ. Миний сонсож байснаар Япон Улс 1946 онд баталсан Үндсэн хуульдаа 60 жилийн дараа өөрчлөлт оруулсан гэдэг. Энэ тогтвортой байдал уу. Манай орны хувьд ямар хугацаанд, ямар тохиолдолуудад Үндсэн хуулийг өөрчилж байгаа вэ?

 Ер нь дэлхийн улсуудын Үндсэн хууль судлалын түүхийг харвал Үндсэн хууль тогтвортой байх нэг үндэс нь алс хэтийг харсан үзэл баримтлалд тулгуурлах явдал гэж үздэг юм.

Манайхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн хугацааг ухааныхаа цараар богино л тавиад байх шиг харагддаг. Анх 1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед 20 жилээр баримжаалж өөрчлөх үзэл баримтлал, хандлага байгаагүй гэдгийг энд дурдах ёстой байх.

Гэтэл одоо 20, 30 жил болчихлоо өөрчлөх цаг болсон гэж ярих болж. АНУ-ын Үндсэн хууль 200 хол давсан он жилүүдэд 20 гаруйхан нэмэлт өөрчлөлт орсон байдаг юм.

Тэдгээр өөрчлөлт нь “хүний эрх, эрх чөлөө”-г өргөтгөж, эрх мэдлийг хязгаарласан байдаг юм байна лээ. Бас сонин нь нэг нэгээр биш нилээд хэдээрээ нэг дор өөрчлөгдөж байсан болохоор 60-100 жилд нэмэлт өөрчлөлт орж байжээ гэж үзхээр... Иймээс л төрийн албан хаагчид, иргэдийг төлөөлж шийдвэр гаргадаг  хэн боловч Үндсэн хуулийг маш сайн судлах шаардлагатай.

Бүр Орос, Англи, Герман хэл дээр нь судламаар байгаа юм. Одоо хүмүүсийн ярьж байгааг хархаар юу ч судлаагүй, уншаагүй буруу зөрүү яриад байгаа харагддаг.

Ард түмний санал асуулгыг хэр бодитой, чанартай болов гэж Та үзэж байна? УИХ-ын гишүүд ард түмний санал асуулгын хажуугаар ирэх сонгуулийн сурталчилгаа хийгээд яваад байгаа харагдсан.

 Ард нийтийн санал асуулга явагдаагүй шүү дээ. Харин 1, 2 дугаар хэлэлцүүлгийн үеэр болон завсраар нь УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тайлбарлан хэлэлцүүлэг хийж иргэдийн санал хүсэлтийг хүлээж авч байгаа харагдсан. Ер нь Үндсэн хуулийн мөн чанар, нэмэлт өөрчлөлтийг тэр бүр ярихгүй ирэх сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа бол харамсалтай л байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөс болж улстөрийн намууд талцаж, биенээ бойкотлох үзэгдлүүд харагдаад байна. Намуудын байр суурь, тэдний саналыг та юу гэж дүгнэж байна?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийвэл улс төрийн өөр өөр үзэл баримтлалтай намуудын зөвшилцлийн үр дүнг харгалзан үзэх ёстой. Үүнийг бойкотлох нь буруу л даа. Зөвшилцөх гэдгийг юу гэж ойлгохоос бас олон зүйл хамаарна. Зөвшилцөл нь өөр өөр үзэл бодлоос Монгол орны хөгжил дэвшилд аль хэрэгтэй боломжтойг нь харилцан зөвшөөрч хуульчилна гэсэн үг шүү дээ.

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Төрийн тэргүүний Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг багасгасан гэх заалтын талаар Таны байр суурийг сонсъё.

Үндсэн хуулийн хэмжээ хязгаараас давсан хэм хэмжээг бусад, дараагийн эрэмбийн буюу органик хуулиар зохицуулсан гэж их ярьдаг. Хэрвээ тийм байгаа бол хэмжээ хязгаарыг Үндсэн хуульд хуульчлан тогтоохоос өөр аргагүй.

Миний  харснаар манай Үндсэн хуульд “эрхийн” талаар их тусгаж өгсөн хирнээ “үүргийн” талаар арай бага тусгасан юм уу гэж хувь хүнийхээ хувьд боддог юм. Та судлаач хүнийхээ хувьд шинэ Үндсэн хуулийг хэр болсон гэж дүгнэдэг бэ?

 Тийм зүйл ажиглагддаг. Үүрэг, хариуцлага байх ёсгүй юм шиг аашилдаг болсон энэ үед бүр ихээр тэгж бодогдох болсон.  Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт хийвэл эндээс л эхлэх ёстой л доо. Түүх ч ийм байсан.

Би дээр 1990 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн “Бүх шатны Ардын хурал, тэдгээрийн депутатууд сонгогчдын өмнө ажлаа хариуцан тайлагнана. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн буюу Ардын Хурлын депутатын нэр төрд харш үйлдэл хийсэн Ардын Хурлын депутатыг сонгогчид нь олонхийн саналаар хэдийд ч огцруулах эрхтэй” гэсэн заалтыг зүгээр ч нэг дурдаагүй. Хэн нэгэн санаа аваасай гэж дурдсан. Ийм үүрэг хариуцлагыг зохицуулсан заалтад хууль тогтоогч дургүй байж болохгүй л дээ.

Үндсэн хуулийг өөрчлөлтийг улстөрчид хийгээд байгаа нь улстөрийн агуулга үнэртүүлсэн мэргэжлийн бус болчих вий гэсэн болгоомжлол, хардлага байж болох уу?

Ийм болгоомжлол хардлага байж болохгүй. Учир нь бид улс төрчдийг бидний өмнөөс зөв шийдвэр гаргаж чадах хүн гэж л сонгож байгаа шүү дээ. Хэн ч энэ хүн “надад зуун мянгыг өглөө, тэгэхээр өөрөө төрд очиж байгаад зуун тэрбумтай болог доо” гэж сонголт хийдэггүй байх.

Хууль зүйн зарчим нь төлөөллийн ардчиллын зарчим. Харин итгэж найдаж болох шийдвэр гаргах “улсын их хурлын гишүүнд тавих шалгуур нь өндөр байх” ёстой.

Одоо бид зөвхөн мөнгөний шалгууртай байх сэтгэхүйн доройтолд орсон учраас л бүх зүйл буруу тийш эргээд байна шүү дээ. Тэр шалгуурыг нь хуульчилдаг бол бүр сайн, одоогийн нөхцөлд. Нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрхийг нь “гишүүддээ бид сонгуулиар олгосон болхоор” хардаж биш хамтарч ажиллаж зөв тийш хандана шүү дээ, өөрчлөлт маань.

Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчлөө гэж олон хүмүүс янз бүрийн тохиолдолд гомдол тавьж байгаа байдал харагддаг. Гэтэл үнэндээ эрх зөрчигдлөө гэж үзэхэд олигтой шийдвэрлэдэггүй санагддаг. Таны бодол?

Энэ асуудал харин одоогийн Үндсэн хуульд маань дутагдаж байгаа зохицуулалтын нэг. Хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн шүүхээрээ хамгаалах хязгаарлагдмал зохицуулалттай орон. Жишээ нь, Германд “миний дээд боловсрол эзэмших эрх маань өөр мужид тэрхүү сонирхолтой мэргэжлээрээ сурах дээд сургууль байгаагаар зөрчигдөж байна” гэж гомдол гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Манайд бол тийм биш.

 Үндсэн хуулийн цэц хэр ажлаа хийж байгаа гэж Та үздэг бэ? Үнэхээр Үндсэн хуулиа “манаж” чадаж байна уу?

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан хүн дараа үедээ үнэлгээ өгнө гэдэг ёс зүйн хувьд таарамжтай биш ээ. Тиймээс энэ асуултад хариулахгүй байж болох уу?

Бид тухайн үедээ Үндсэн хуулиа сайн манаж байсан учраас дахин сонгогдоогүй гэж боддог. Яагаад гэвэл, Үндсэн хуулийг сайн манахаар улс төрчдийн дургүйг хүргэдэг, эрх мэдлийг нь хязгаарладаг учир хэн дуртай байх билээ.

“Ийм юм болсон доо” гэдэг шиг\мушилзан инээв\.

Таныг улс орнуудын Үндсэн хууль цуглуулдаг гэж сонссон. Энэ хоббигоо хэзээнээс эхлүүлсэн бэ? Цуглуулгынхаа талаар Та ярихгүй юу?

Анх 1994 онд ХБНГУ-д Удирдлагын академийнхаа багш нартай хамт сургалтад явсан юм. Тэр үед бид нарт жижиг ном болгон хэвлэсэн Үндсэн хуулиа герман болон орос хэл дээр өгч 2 хуультай болсон.

Орост төгссөн хуульч учир орос хэл дээр Германы Үндсэн хуулийг судалсан, дараа нь Герман хэлний курсд суусан.

Тэрнээс хойш төрийн болон төрийн бус байгууллагын шугамаар дэлхийн 40 гаруй оронд урт богино хугацааны сургалт, айлчлал, хурал семинарт явсан. Очсон орон болгоноос номын дэлгүүр орж Үндсэн хуулийг нь худалдаж авдаг.

Сониноос Швейцарь улс Үндсэн хуулиа худалдахгүй бэлэглэсэнд гайхсан, дараа нь сураглахнээ тэгж Үндсэн хуулиа хүн бүрт хүргэдэг юм байна. Орост эрдмийн ажлаар удаа дараа явж байхдаа Орос хэл дээр дэлхийн бүх улсын үндсэн хуулийг багтаасан 3 боть ном худалдаж авсан, түүнийгээ хэрэг болсон үед хардаг.

Гэрийнхэн маань энэ тэнд явахдаа тухайн улсын Үндсэн хуулийг аваад ирдэг. Би Африк явж үзээгүй, ӨАБНУ-ын Үндсэн хуулийг харин нөхөр маань явахдаа Англи хэл дээр аваад ирсэн.

 Найзууд маань ч явсан газрынхаа Үндсэн хуулийг хэрэг болгон авч ирж өгч, цуглуулгыг маань арвижуулдаг. Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийг баталж байх үед  Франц, Герман, АНУ, Итали гээд 5 улсын Үндсэн хуулийг орос хэл дээр эмхтгэснийг хүнээс худалдан авч эмхтгэл хэлбэрээр цуглуулж эхэлсэн юм байна.

Таныхаар бол аль улсын Үндсэн хууль нь манай улстай ойр ч юмуу, санаа авмаар бэ?

 Манай улстай адил парламентын засалалтай бүгд найрамдах улсын үндсэн хуулиудаас авах зүйл байгаа байгаа. Аль ч улсын үндсэн хуулийг харж байхад төрийн тогтолцоогоо, төрийн эрх мэдлийн худаарилалт, хүний эрхийг хамгаалах, хангах асуудлаа өвөрмөцөөр зохицуулсан улс орнууд зөндөө байдаг. Бүгд л Үндсэн хуулийн эрх зүйн суурь зарчимд үндэслэсэн байдаг учир адил зүйл ч олон байдаг.

Таны хувьд одоо ямар ажил эрхэлж байгаа вэ. Судалгаа, эрдмийн ажлуудаа хийсээр байгаа юу?

Одоо Төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын шугамаар ажиллаж байна. Хэд хэдэн эмэгтэйчүүдийн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн учир ажил тасрахгүй, мөн хуульчдын холбоо гэх мэт мэргэжлийн холбоодод идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээрийн зэрэгцээ судалгааны ажлаа орхих дургүй, жилд 1-2 томоохон судалгаан дээр ажиллан үр дүнг нь хэвлүүлж олон нийтийн хүртээл болгож байна.

Голлон ажилладаг судалгааны чиглэл маань Үндсэн хуулийн болон авлигатай тэмцэх асуудлууд, улс төрийн намын дотоод ардчилал, санхүүжилтийн нээлттэй байдал,  эмэгтэйчүүдийн улс төрийн тэгш эрх гэх мэт хүмүүсийн сонирхдоггүй сэдвүүд.

2014 онд төрийн ажлаас хөндийрөөд 2 жилийн дараа Хууль судлал хөгжлийн төв гэдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, сургалт, зөвлөлгөө, судалгааны ажил хийсээр байна.

Ярилцлага өгсөн баярлалаа Танд

Ярилцсан Э.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин