ШИНЭ нам: НДШ-ийг нэмэгдүүлэх хуулиа эргэн харахыг шаардаж, ЗГ-т албан бичиг хүргүүлнэ
УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна.
Өнөөдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл буюу сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа АМНАТ-ын асуудлаар ШИНЭ нам байр сууриа нэгтгэлээ. Мөн НДШ ирэх онд эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд ААН-үүдийн зүгээс дургүйцлээ илэрхийлсэн хүсэлт ирж байна. ШИНЭ нам эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед НДШ-ийг нэмэгдүүлж байгаа нь буруу шийдвэр гэж үзэж байна. Ирэх онд НДШ 26 хувь болохоор байна. Ингэснээр ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна. Энэ нь ажил олгогч, бизнес эрхлэгчдийн хувьд маш том дарамт болж байна. Иймээс ШИНЭ намын Зөвлөлөөс НДШ-ээ нэмэгдүүлэх хуулиа эргэж харахыг, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж НДШ-ийг багасгахыг шаардсан бичгээ ЗГ-т хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Мөн Зөрчлийн хуулийн дагуу оногдуулж буй торгуулийн хэмжээ өндөр байгаатай холбогдуулан иргэдээс гомдол ирж байна. Иймээс ШИНЭ нам уг асуудлыг хэлэлцээд Зөрчлийн хуулийн хүчингүй болгож шинээр хуулийн төсөл боловсруулж өргөн барих ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ