Гэрэл асаагч С.Даваасүрэнгийн тэвчээрийн хүлээс хэзээ тасарсан бэ?
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэр чөлөөлөгдөхийн өмнө өргөдлөө өгч басхүү мэдэгдэл гаргасан. Тэрбээр өөрийгөө сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асаасан гэж дүгнэжээ.
Төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол, ажиллаж байсан газруудын хувьд төрд гологдохгүй учир МАН-ын төв аппаратад МАН-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан байх.
МАН-ын дарга зөвлөх бүсгүйгээ 2016 оны сонгуульд ялсаны дараа Санхүүгийн зохицуулах хорооны даргаар тавьсан.
Тэгэхээр С.Даваасүрэн 2016 оны 7 дугаар сараас эхлэн өдрийг хүртэл 3 жил хагас гаруй хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны даргын албыг хашжээ. Богино ч хугацаа биш.
Тэрбээр чөлөөлөгдөхийн өмнөх мэдэгдэлдээ “төрийн алба хийгээд төрийн түшээд чадваргүй, эрх мэдэл хөөдөг, амиа хоохойлдог, худал ярьдаг, хов жив хөөцөлдөг” зэрэг дутагдалуудын талаар пал хийтэл хэлсэн.
Хэрвээ С.Даваасүрэн даргыг чөлөөлөх, огцруулах тухай яригдаагүй бол тэрбээр төрийн албаны бусармаг, шударга бус байдлын талаар ингэж хэлэх байсан болов уу гэж бодном.
“Төрд бий болсон, төрийг хүчгүйдүүлж байгаа буруу үйл, бусармаг явдал, улс төрийн нам ба төрийн албаны өнөөгийн зохисгүй хэлхээ, зохиомол гажуудлыг миний бие үл тэвчиж байна. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ” гэж тэр мэдэгдэлдээ дурджээ.
3 жил хагас гаруйн хугацаанд УИХ, Засгийн газарт багтаж ажиллаж байсан хирнээ халагдах тухай асуудал яригдангуут үл тэвчсэн, эвлэршгүй байдлыг сөхөж тавьж байгаа нь үнэндээ үхэхдээ үхэр буугаа тавьж байгаатай ялгаагүй сонсогдож байна.
Эсвэл шүд зууж тэвчиж байгаад сая тэвчээрийн хүлээс нь тасараа юу даа.
Нам, төрийн албанд хэдэн жил ажиллахдаа энэ тухай дуугарч, ам нээж, шударгаар ярьж, хэлж, асуудал дэвшүүлж, эсвэл тэр үедээ иргэний эр зориг гарган огцрох байсан бус уу.
Юутай ч С.Даваасүрэн дарга “улс төр ба төрийн албанд бий болсон зохисгүй хэлхээг тасалж, зохиомол гажуудлыг засахын тулд цаашид миний бие зогсолтгүй зүтгэж, тасралтгүй ажиллана” гэж мэдэгдсэнээс харахад тэрбээр цаашид улстөрөө орхихгүй үргэлжлүүлж, "үл тэвчишгүй" байдлын төлөө тэмцэх нь ээ.
Д.Ренчин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ