Үүрэн телефоны магнатуудыг оролцуулан НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийе

Улс төрийн захиалгат аллага, гадаад улсын иргэд олноороо Монголд цахим терроризм, мөнгө угаах үйл ажиллагаа эрхэлсэн явдлуудаар ил болж, ардчилсан нийгмийн салшгүй нэг болсон хувь хүний заяагдмал эрх, цаашлаад хэвлэл мэдээллийн эрх чөлөөлөнд үүрэн телефон эрхлэгч компаниудын найдваргүй байдал заналхийлж байна. Өнгөрсөнд болон яг өнөөдөр ч өрнөж байж болзошгүй үйл явдлуудын бодит үнэн болоод тайлагдаагүй асуултуудын хариулт бүр үүрэн телефоны операторуудтай холбогдож байгаа.

Үндэсний телевизээр хэрэгтэн Ц.Амгаланбаатар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амьдарч байсан байранд хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тодорхойлохдоо, Т.Содномдаржаа гар утсаар яриад “Гэргийг нь амьд үлдээгээрэй гэсэн шүү” гэж хэлсэн талаар ярьсан. Өөрөөр хэлбэл, өнөө хэр олдоогүй байгаа С.Зориг агсны хэргийн захиалагч, эсвэл захиалагчтай холбох үүрэг гүйцэтгэсэн этгээд 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө газар утсаар заавар өгсөн нь тодорхой болсон. Энэ даруйд нэг асуулт урган гарч ирсэн нь 1998 онд Монголд хэдэн хүн гар утас ашигладаг байсан бэ. Ялангуяа “Мобиком”-ын. Үүний араас нийслэлийн хяналтын прокурор Б.Батжаргал  “Мобиком”-ын сүлжээ 1997 онд Монголд орж ирсэн байсан. Хэрэгтнүүд дундаа нэг гар утастай байсан нь тогтоогдсон.

Тэр гар утсаараа захиалагчтай холбогдсон гэж мэдүүлдэг. Хэрэг шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж тайлбар өгсөн байдаг. Монголын түүхэнд хараар бичигдсэн улс төрийн захиалгат аллагаар С.Зориг агсны аминд хэрцгийгээр халдсан явдлыг нэрлэдэг.  Энэ хэрэг гэнэт илэрсэн биш 18 жилийн хугацаанд хийсэн мөрдөн байцаалтын явцад цуглуулагдсан нотлох баримтад тулгуурласан гэдгийг хууль, хяналтын­хан хэлсэн ч үүрэн теле­фоны оператор компанийг нь хөөхөд 1998 онд хэний нэр дээрх утасны дугаараас хэн рүү залгасан гэдгийг илрүүлэхэд харилцаа хол­бооны салбарынхны хувьд хэцүү асуудал биш. Тухайн дугаар оператор компанид бүртгэлтэй л бол хаашаа ямар дуудлага хийсэн нь цаг минуттайгаа бичигдсэн байх учиртай. Монголд анх гар утас орж ирж байсан цаг үед ч хэн дуртай нь утасны төлбөрөө залгасан жагсаалтаараа баталгуулж болдог байсан. Бүх архив оператор компанид бий. 

Өнөөдөр үүрэн телефон ашиглан үйлдэж буй гэмт хэргийг хөөхөд улам хялбар болсон. Гэтэл өнгөрсөн наймдугаар сараас хойш хятад иргэд 10 мянга гаруй гар утасны карт, мөн тооны ухаалаг гар утас, интернэтэд холбогдсон 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер ашиглан үйл ажиллагаа явуулсныг хууль хяналтынхан байг гэхэд үйлчилгээ үзүүлсэн оператор компани нь мэдээгүй байсан гэдэгт итгэхэд бэрх. Хувь хүний нууцтай холбоотойгоор нэгэн зэрэг зарагдсан 10 мянга гаруй гар утасны дугаарыг хаацайлаагүй байлгүй. ЦЕГ-ын дарга зарим нэг үүрэн телефоны оператор компанийг шалгана.  Саатуулсан 800 хятад иргэн "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" гэсэн дөрвөн зочид буудалд байрлаж байсан талаар мэдээлсэн. Харин манай сурвалжлагч хятадуудыг баривчилсан “Ориентал” зочид буудал “Жи-Мобайл” компанийн “Жи нэт” интернэтийн сүлжээ ашиг­лаж байсан талаар мэдээлсэн билээ. Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд мөнгө угааж байсан талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээл­жээ. Одоогоор дээрх хэргийн зохион байгуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэдийгээр мөнгө угаасан талаар анхан шатны дүгнэлт гараад байгаа ч 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим терроризм өнгөрсөн хугацаанд цахим орчинд өрнөсөн улс төрийн акцуудад нөлөөлсөн байхыг мөн үгүйсгэхгүй. Хятадуудыг гаргаснаар хэрэг дуусаагүй гэсэн үг бөгөөд шалгалтын явцад үүрэн телефоны операторууд ямар шугамаар утасны дугаар, интернэтийн сүлжээгээр хангасан нь ил болно. Яг ямар үйл ажиллагаа явуулж байсан нь баримт нотолгоотойгоо ил болох ёстой. Ингэж байж олон нийтийн эргэлзээ арилна. Үүнийг бүх дата мэдээллээ хадгалах чадвартай болсон үүрэн телефоны оператор компаниудын дэмжлэгтэйгээр төгс гүйцэтгэх бус уу.  
 


Монголд үүрэн телефоны “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи-Мобайл” компаниуд үйл ажиллагаа явуулдаг.  Тэдгээрээр дамжин ардчилсан нийгмийн салшгүй нэг хэсэг болсон хувь хүний эрх чөлөөнд халдаж байгаа нь эмгэнэлт явдал. Хамгийн эмгэнэлтэй нь гэвэл иргэдийн мэдэх эрхийн нүд чих болсон сэтгүүлчдийг тагнаж чагнах явдлыг үүрэн телефоны оператор компаниуд хууль хяналтын байгууллагуудын дэмжлэгээр хийхдээ хувь хүний эрх чөлөөгөөр үйл ажиллагаагаа хаацайлаагүй явдал. Нэр бүхий найман сэтгүүлчийн утсыг чагнасан асуудал өнгөрсөн онд гарсан ч хууль хяналтынхан, тэдгээр нөлөөлдөг улстөрчид Монголын сэтгүүлчдийн төлөөллийн байгууллагад өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй. Бүр асуудлыг булзааруулах шинжтэй тайлбар хийж харагдсан. Гэвч энэ төрлийн мэдээлэл хамгийн ойр эх сурвалж болох УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга  Х.Нямбаатар уг ноцтой мэдээллийг баталж байгаа. Тэрбээр “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан эсэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Тагнуулын ерөнхий газарт албан бичгээр хандсан. Бичигт  нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн хариу ирүүлсэн. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэл­­сэн бол энэ маш ноцтой асуудал” хэмээн харамсаж буйгаа илэрхийлсэн юм.  Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудлыг нууцын зэрэглэлд шалгасан тохиолдол дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй. АНУ-д л гэхэд нийтийн эрх ашигт харшилсан асуудлыг конгресс дээрээ нээлттэй сонсгол хийж иргэдийнхээ эргэлзээг тайлдаг юм билээ. Нэг жишээ дурдахад, гар утсаар дамжин бидний өдөр тутам хэрэглээ болсон "Фэйсбүүк" компанийг үндэслэгч Марк Цукерберг судалгааны байгууллагад хэдэн сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг гаргаж өгсөн асуудлаар конгресст нээлттэй сонсгол хийж байлаа. Тэрбээр сонсголын үеэр олон сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ үйл явдал АНУ-ын засаг захиргаанд иргэдийнхээ хувийн мэдээллийг хамгаалахад анхаарал хандуулахад том түлхэц болж, иргэд үнэнийг мэдэх нь ямар үнэ цэнэтэйг ойлгуулсан юм. Мөн АНУ-ын конгресс дээр хэд хэдэн тамхины компани иргэдэд донтуулагч бодистой янжуур зардаг эсэхээ тайлагнаж байсан удаатай аж. Мөн л олон нийт, улс орныхоо эрх ашгийн төлөө сонсгол болж чадсан байдаг. Гэтэл Монголд төр нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах алхмыг эхлүүлэхгүй бол үүрэн телефоны оператор компаниуд ямар чухал зангилаан дээр сууж буйгаа ойлгохгүй бизнес хийж байна. Монгол Улс гурван сая гаруй хүн амтай ч 4.3 сая утасны дугаар ашиглагддаг бөгөөд монголчууд хүнийхээ тоогоор буюу 3.3 сая ухаалаг гар утастай гэсэн судалгаа гарсан байна. Тэдний 37.8 хувь “Мобиком”, 16.5 хувь “Скайтел”, 34 хувь “Юнител”, 11 хувь “Жи-Мобайл”-ын сүлжээ хэрэглэдэг.  Эздийнх хувьд ч анхаарч үзэхээс өөр аргагүй.

Хамгийн олон хэрэглэгчтэй “Мобиком корпорац” гадаадын хөрөнгө оруулалттай, хоёр том хувьцаа эзэмшигчтэй. Нидерландын “Кэй Ди Ди Ай Оверсийз Холдингс Би Ви”, Монголын талаас “Ньюком”. Гүйцэтгэх захирал нь япон хүн байдаг. Тэгвэл “Скайтел” компанийн хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, түүгээр овоглодог “Алтай холдинг”, “Шунхлай групп” томоохон хувьцаа эзэмшигчид нь. “Юнител” компанийн хувьд Эм Си Эс-ээс үүсэлтэй салбар групп. “Жи-Мобайл” бол “Магнай трейд”-ийн мэдлийн компани гэх мэт. Нийтэд үйлчилдэг гэдэг утгаара тайлбар хийх ёстой эзэд нь нийтийн сонсголын танхимын хажууханд сууж байгаа. Монголчуудын хувьд нийтийн сонсгол шинэ содон зүйл биш болсон. Хамгийн сүүлд буюу   өнгөрсөн даваа гарагт нийслэлийн танхимд шахмал түлшний асуудлаар зохих дарга нар, иргэд гэх мэт бүх талуудын оролцоотой нийтийн сонс­­гол явуулснаар нийгмийн эргэлзээ арилахад нөлөө үзүүлж эхлээд байна.  Үүнээс 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний дараа Засгийн газар, УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, хүчний байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцсон томоохон хэмжээний нээлттэй сонсгол болж байсан билээ. Үр дүнд нь нийтийг хамарсан үймээн самууны талаар олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх боломж бүрдсэн юм.         

Өнөөдөр хувь хүний санхүүгийн харилцаа, хувийн нууцаас авахуу­лаад гар утсанд агуулагдаж буй бүх мэдээлэл бараг л хүний эд эрхтэн мэт үнэт зүйлд тооцогддог болсон. Иймд УИХ-ын түвшинд үүрэн телефоны оператор компаниудын удирдлагуудыг оролцуулсан нийтийн сонсгол хийж, олон нийтийн дунд үүсээд буй ээдрээт асуудлуудад цэг тавих боломж байна. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр болтлоо өндрөө авсан С.Зориг агсны хэргийг нэг талд нь гаргахгүй бол хоёр талцаж хэрэлдсээр захиалгат аллагын захиалагч замхрах нь. Хоёр батальон хятадын тухайд ч монголчууд хэн ийм гэмт үйлдлийг дэмжиж ажилласан, хаанаас хэний шугамаар Монголын виз, энэ олон утасны дугаар олгогдсон гэдгийг мэдэх шаардлага байна. Ингэж байж бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалж чадна. Ардчиллын тулгуур багана болсон хувь хүний заяагдмал эрхийх хамгаалах бол үндэсний аюулгүй байдлын нөгөө тал. Цаашлаад ард түмний мэдэх эрхэнд хэн халдсан талаар зарлахгүй бол дусал ч цус асгаруулалгүй байгуулж чадсан монголчууд ололт амжилтаа хэлгүй дүлий суусаар алдаж мэдэхээр байна. 

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ