Шөнийн тарифын хөнгөлөлтөө эдлээрэй

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 433,434-р тогтоол “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Шөнийн тарифын хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 21:00-06:00 хүртэл үйлчилнэ. Мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд тарифт электрон тоолууртай, цахилгаан төлбөрийн үлдэгдэлгүй хэрэгчид шууд хамрагдах юм. Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд зааснаар “Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна” гэж тодотгожээ. Мөн хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай аж.

Энэхүү хөнгөлөлтийг нийслэл, орон нутагт яаж үйлчлэх вэ?
 

Нийслэлийн гэр хорооллын бүсэд
 

  • 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВат.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.
  • 380 В-д холбосон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд
 

  • Хүчдэлийн түвшин харгалзахгүйгээр орой, шөнийн цагийн нийт хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.
     

Цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт олгох ажил хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдэд цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ