Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна.
Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ” гэж мэдээлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.
Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан нэгэн монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.
Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.
Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч
2019 оны 11 дүгээр сарын 01
СЭТГЭГДЭЛ БИЧИХ