Хээгүй, гүндүүгүй анхны Ерөнхийлөгчийнхөө алдааг бүү давтаачээ
Монгол Улс түүхэндээ анх удаа Пунсалмаагийн Очирбат гэж Ерөнхийлөгчтэй болж түүнийг Ерөнхийлөгчийн суудлаасаа буухад нь монголын ард түмний хөрөнгөөр хуримын ордны дэргэд 2 давхар байшин барьж бэлэглэсэн. Ерөнхийлөгчийг ордондоо заларсных нь дараахан миний бие тэр хавиар явж байхдаа хашаандаа алхаж явсан П.Очирбат гуайг хараад жигтэйхэн баярлан хөөрч тааралдсан хүн бүрт сониучирхан ярьж явлаа. Энэ бол түүх юм. Удаагүй анхны Ерөнхийлөгч маань газраа ,монголын ард түмний бэлэглэсэн байшингаа авдар авдар зоосоор арилжаад тэр нэгэн явдал, түүх дууссан. Хээгүй гүндүүгүй анхны Ерөнхийлөгч маань хэр баргийн юмаар дутаагүй байлтай ч хэдэн арван жилийн туршид түүх болон үлдэж, музей болон дуурсагдах мөн чанарыг нь үгүй хийж орхисон доо..
Тэгвэл саяхнаас Байгалийн түүхийн музей, Драмын театр зэрэг соёл, урлагийн үнэт өв болсон барилгуудыг бас л нурааж оронд нь шинэ барилга сүндэрлүүлнэ гэнэ.
Улстөрчид бушуухан буулгачихъя гэж харин мэргэжлийн байгууллагууд, архитекторууд эсэргүүцэж байна.
Монгол Улс түүхэндээ дурсагдах юмтай үлдмээр байна. Мянганы хүн Чингис хааны үлдээсэн бидний нүдэнд харагдах өв байдаг билүү. Харин саяхан өндөр гэгээн Занабазарын 1500-аад оны үед бүтээн байгуулсан Сарьдагийн хийдийн туурийг археологчид илрүүлэн 1000 гаруй шавар бурхан болон түүхийн үнэт олдворууд олсноо дэлгэн үзүүлж байна.
1173 онд Италид баригдсан Пизагийн цамхаг гэж аугаа байгууламж 87500 оршин суугчидтай жижиг хотыг аялагч, жуулчидаар татаж үндсэндээ тэр хотыг тэжээж байна. Хазайсан Пизагийн цамхагийг харах гэж жилд хэдэн мянган жуулчид, сонирхогчид очдог гэдэг.
ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Өмнөд Солонгосын Янсун тосгоны оршин суугч, иргэд нь хүртэл үзмэр болчихсон байдаг. Янсун тосгоныг сонирхож явахад тэр тосгонд угсаа гарлаа хадгалан язгууртан маягаар амьдардаг хүмүүс ч байна. Солонгос үндэсний хувцасаа өмсөн тэд гудамжаар алхах нь хүртэл ноёд, түшмэд шиг ихэмсэг байсан.
Герман, Франц, Унгар, Польш гээд Европын орнуудын хэдэн зуун жилийн түүхтэй байшин барилгууд, сүнстэй гэж яригддаг шилтгээнүүдийг буулгах нураах тухай хэн ч яриагүй л байна. Оросын “Большой театр”-ыг манай урлаг соёлынхон болон зорчсон хүмүүс бүгдээрээ л мэднэ. Сонгодог дүр төрхөө хадгалсан тэр театрт ороход ямархуу уур амьсгал, гэгээн мэдрэмж, сэтгэгдэл төрдөг билээ. “Эрдэнэ нуусан гар” гэж алдартай кино хийсэн Азербейжаны хотын бяцхан гудамж хүртэл алдаршиж, жуулчдыг татаж яг тэнд нь ресторан, кафе хүртэл байгуулсан байна. Аливаа юм хуучин байх тусмаа улам үнэ цэнээ хадгалсаар байдаг.
Энэ мэтчилэн дэлхийн түүх, соёлын дурсгал болсон байшин барилгыг тоочоод баршгүй. Гэтэл манайхан бүтээх биш сөнөөхдөө гарамгай юм. Сүүлийн үед байгуулагдсан Зүүн өмнөд Азийн шилэн хийцтэй байшингуудтай шинэхэн хот хаа сайгүй л байна. Гэсэн хирнээ тэд харин ч хиймлээр хуучны гэх зүйлсийг байгуулж, үзүүлэх юмтай болох гэж ядаж байна.
Тиймээс бид түүхэнд дурсагдах дурсгалуудаа устгаж шинээр байгуулах гэж адгаж суухын оронд сэргээн засварлаж, тордоод түүх дурсгалыг нь хадгалмаар байна. Сүм, хийд болон эртний барилгын сэргээн засварлагч гэж нандин мэргэжил байдаг ч манайд бэлтгэдэггүй. Чойжин ламын сүм музейг 2005 онд Хятадын тусламжаар сэргээн засварлуулсан ч барилгын компани нь цоо шинээр барьчихсан мэт гял цал тодоор будчихсан байлаа. Сэргээн засварлагч гэдэг мэргэжилтэн бол түүхийн дурсгалыг тэр чигээр нь хадгалж хуучны өнгө төрхийг нь хэвээр үлдээдэг.
Түүхэнд дурсагдаж, ирээдүй хойч үедээ үлдээх зүйлүүдээ устгаж, түйвээж ирээдүйдээ битгий гай болоочээ улстөрчидөө. Хээгүй гүндүүгүй анхны Ерөнхийлөгчийнхөө алдааг давтмааргүй байна.
Д.Ренчин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ