ЖДҮ-чин Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын төлөө “Монгол тэмүүлэл” сургуулийг хөөж болох уу, Ё.Баатарбилэг сайдаа !
УИХ-ын гишүүн болохын тулд улстөрчид юу эсийг амлах. Ядуу сонгогч, ядарсан иргэдийн эрх ашгийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэсэн болгоныг дөрвөн жилийн дотор бүтээн босгож, ажилтай, амьдралтай, сургуультай, эмнэлэгтэй болгохоо тунхаглан зарлана. Гэсэн ч бодит амьдрал дээр тэр бүх амлалт хэрэгжих нь тун ховор. Хэрэгжүүллээ гэхэд нэг амлалтаар нөгөө боломжийг устган үгүй хийх замаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулах нь ч бий. Энэ удаад гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын золиосонд Монгол Улсын боловсролын салбарт олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Монгол тэмүүлэл” сургууль үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж байх жишээний. Учир нь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхдөө тойрогтоо шинэ сургууль байгуулна гэдэг амлалт өгсөн. Гэхдээ тэрбээр өөрийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн турш дорвитой ажил хийгээгүй. Харин УИХ-ын 2020 оны сонгууль дөхөхтэй зэрэгцэн амласан амлалт болон амлалтаа хэрэгжүүлэх ёстой гэдгээ ухамсарласан бололтой юм.
Ингэхдээ БСШУЯ-ны харьяа, төрийн өмчит, Кембрижийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг “Монгол тэмүүлэл” сургуулийн байрыг дээрэмдэж, нийслэлийн 133 дугаар сургуульд шилжүүлэх арга замыг сонгосон нь дэндүү ичмээр. Уг сургуульд Монгол Улсын өнцөг булан бүрээс, англи, математикийн хичээлээрээ Кембрижийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хичээллэх шалгуурыг давсан шилдэг сурагчид есдүгээр ангиасаа элсэн суралцдаг. Ийм учраас сурагчдынх нь аав ээж, ах эгч нар нь Баянзүрх дүүрэгт санал өгөхгүй нь бодит үнэн. Харин 133 дугаар сургуулийн сурагчдын аав ээж, ах эгч нар буюу ар гэрийнхний тухайд бүгд Баянзүрх дүүргийн иргэн бөгөөд тодорхой хэлбэл тэд, ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиар албан ёсоор дүүрэгтээ саналаа өгнө гэсэн үг. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын бодож олсон “алсын хараа” буюу УИХ-ын сонгуульд санал авах боломжит нүүдэл.
Үүний тулд тэрбээр “Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаас нь хөөж, 133 сургуулийг байртай болгохоор сэтгэл шуударсан нь яах аргагүй үнэн. Яг л олон мянган жирийн иргэдийн боломжийг хааж, өөрсөддөө бага хүүтэй урт хугацааны “ЖДҮ”-ийн зээл авч, ЖДҮ-чин болсонтойгоо адил эрдэм мэдлэг шамдан суралцаж, үе тэнгийнхнээ манлайлж буй сурагчдын боломжийг энэ удаад тэрбээр УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох шунал хүслийнхээ төлөө дээрэмдэхээр шийдсэн нь нэг талаасаа гайхмаар зүйл биш ч юм шиг. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэгчлэн бодоход шүү дээ. Гэхдээ ийн нэг сургуулийг нөгөө сургуулиар нь хөөлгөх замаар УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийг санаархахдаа тэрбээр төрийн тогтоол шийдвэр гэдэг албан ёсоор архивлагдаж, хууль бус үйлдэлд өгөх зохих ёсны албан ёсны хариулт байдаг гэдгийг мартсан бололтой. Учир нь, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын лаборатори сургуулийн зураг төслийн дагуу баригдсан уг сургуулийн байрыг “Монгол тэмүүлэл”-ийн эзэмшилд 2017 онд хүлээлгэсэн өгсөн Төрийн өмчит, бодлого зохицуулалтын газрын дарга, БСШУЯ-ны сайдын тогтоол байдаг юм. Мөн “Сургуулийнх нь байр ашиглалтад ортол нийслэлийн 133 сургуулийг түр нэг, хоёрдугаар давхартаа байрлуулна уу” гэсэн яамны шийдвэр ч он сартайгаа, тамгатайгаа бий.
Улмаар 133 сургуулийн барилгыг барих тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь ч шалгарсан байдаг. Гэтэл уг сургуулийн барилгыг барих ёстой газар нь “Тайгам алтай” барилгын компанид шилжсэн байсан тул бүтээн байгуулалтын ажил урагш яваагүй түүхтэй. Өдгөө энэ маргаан шүүх дээр явж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг газар яагаад юуны учир “Тайгам алтай” компанийн мэдэлд очсоныг асуух бус харин “Монгол тэмүүлэл”-ийг хөөж гаргах алхамыг сонгосон нь бас л хачирхмаар хэрэг биш гэж үү. Тэр дундаа, “Монгол тэмүүлэл”-ийг байрнаас нь хөөлөө гэхэд нэг сургуулийн асуудал бус эргээд БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Кембрижийн хөтөлбөрт хүндрэл бэрхшээл учирна
Гол нь цагаан дээр хараар “Энэ байр “Монгол тэмүүлэл” сургуулийнх гээд биччихсэн байхад Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байр руу гүйж очоод “Монгол тэмүүлэл” сургуулийг танай байр руу нүүлгэнэ. Одоогийн байдлаар хүүхэд хүлээн авах орчин нөхцөл тааруу байгаа тул засвар хийх санхүүжилтийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нөөц хөрөнгөнөөс гаргана” гээд зарлачих юм. Ер нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг тахалж, амжилтыг бататгаж, үнэ төлбөргүй Кембрижийн боловсрол олгож байгаа яамны харьяа сургуулийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын төлөө эрсдэлд оруулж, золиосолж болох юм уу, Ё.Баатарбилэг сайд аа.
Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхийг нь мартаагүй л байлтай. Хүүхдийн эрхийн тухай хуулийн “Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэх авах” гэсэн заалт ноцтойгоор зөрчигдөхийн зэрэгцээ Кэмбрижийн хөтөлбөрийг тусгай стандарт шаардлага хангасан сургуульд бус харин сургууль, сургуулийн булан тохойд нууж хэрэгжүүлэх гэж оролдсон гэдгээрээ та ч, Монголын боловсролын салбар ч олон улсад шившигт орох бий вий дээ, сайд аа.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ