Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ


Монгол Улс олон улсын тавцанд дүнгээ тавиулж, нэр хүнд ямар байх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ. Бид өнөөдөр  “хар, саарал” жагсаалтад орсон, ороогүй, яг ч орчоогүй байна гэж талцаж, маргалдаж байхад Парист яг энэ асуудлаар хуралдаж байна. 

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (FATF) хурал 10 сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотноо болж буй юм. Дэлхийн 205 орон, ОУВС, НҮБ, Дэлхийн банк болон бусад байгууллагуудын төлөөлөгчид Парист цугларчээ. Уг хурлаар гэмт хэрэг, терроризмтой холбоотой санхүүгийн урсгалыг таслан зогсоох, олон улсын аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна.

Тухайлбал: Орос, Туркийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар хийсэн үнэлгээ, Дани, Ирланд, Норвеги, Саудын Араб, Сингапур, Испани улсуудад үнэлгээ хийснээс хойш авсан арга хэмжээнүүд, Иран, Пакистан болон санхүүгийн системд эрсдэл учруулж буй бусад орнуудын талаар хэлэлцэж шийдвэрээ гаргах ажээ.

ФАТФ-ын ерөнхийлөгч Xiangmin Liu өнөөдөр /10.18/  Парисын цагаар 12:00 цагт нэгдсэн хуралдааны үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Энэ байгууллага нь их долоогийн санаачилгаар 1989 онд байгуулагдсан. FATF-ийн  хар жагсаалтыг 2000 оноос хойш гаргаж эхэлсэн ба терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах үйл ажиллагааг дэмжиж буй орнуудыг Хар жагсаалтад оруулдаг. FATF нь хар жагсаалтыг байнга шинэчилж,  нэмж, хасдаг.

Саарал жагсаалтад хэд хэдэн нөхцлөөр улсуудыг оруулдаг ба гол нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахад дэмжлэг үзүүлсэн гэх мэт хэдэн асуудал байдаг. Энэ жагсаалтад орох нь хар жагсаалтад орсонтой адил хатуу биш ч гэлээ анхааруулга юм. Хөл бөмбөгийн тоглолтын шар карт гэсэн үг. Саарал, хар  жагсаалтад орсон улсад ямар бэрхшээл хүндрэл тулгардаг талаар өгүүлье. 

 -Олон улсын байгууллагууд  болон бусад улс орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч болзошгүй

- Олон улсын байгууллагууд (ОУВС, Дэлхийн банк, АХБ гэх мэт) болон улс орнуудаас зээл авахад бэрхшээл гарах

-Олон улсын худалдаа буурах магадлалтай

-Олон улсын бойкот

Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв? гэсэн асуулт гарна. Манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Тайланг хянаж үзээд хэд хэдэн зөвлөмж өгснөөс анхаарал татаж буй нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;

Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;

Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.

Тэгэхээр манай улс олон улс, дэлхийд иймэрхүү үнэлэгдэж, дүгнэгдэж байгаа гэдэг нь тодорхой боллоо. 

Иргэдийн дунд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүснэ гэсэн яриа явж байгаа ч гэлээ бодит эх сурвалжаас тодруулахад FATF нь арай ч тийм  хүмүүнлэгийн бус үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. 

Хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орвол улс орны эдийн засгийн байдал хүндэрч ард иргэдийн амьдрал доройтоход хүрэх юм. 

Эрх баригчидын явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэлхий дүгнэхэд ийм л байна даа. Харамсалтай.



Д.Ренчин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин