Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд
1.1912 оныг хүртэл хаалгачид төвийн шугам хүртлэх талбайн өөрийн хагаст гараараа тоглох эрхтэй байсан бөгөөд тэдний зарим нь зээрэнцэг шидэгчид шигээр бөмбөгийг талбайн төвөөс эсрэг талын хаалга руу шидэхээр оролддог байжээ. Гэвч 1912 оноос хаалгачдын энэ эрхийг тоглолтын дүрмээр нэлээд хязгаарласан бөгөөд одоо бөмбөг барих эрхийг торгуулийн талбайгаар хязгаарлаж, энэ талбайн гадна тэд талбайн тоглогчдын адилаар хөл болон толгойгоороо бөмбөг тосч, тоглох болсон байна.
2. Бразилын хөлбөмбөгчин Рожерио Сени хөлбөмбөг тоглох хугацаандаа цөөнгүй цол хүртжээ. Жишээлвэл, 2002 онд тэр өөрийн орны шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болж, ингэхдээ талбайд нэг ч удаа гаралгүйгээр, тэмцээний туршид нөөц тоглогчийн суудалд сууж байсан нь үнэн. Сени дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд одоогоор хаалгачдаас хэн нь ч түүний амжилтыг эвдэж чадаагүй юм. Албан ёсны тоглолтод тэр эсрэг талын хаалганд 100 гаруй бөмбөг оруулжээ. “Сан-
Паулу” клубийн өмнөөс албан ёсны тоглолтод 129, нөхөрсөг тоглолтод 3 бөмбөг оруулсан байна. “Синоп” багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа бас 2 бөмбөг оруулжээ. Бараг бүх бөмбөгийг торгуулийн цохилтоор болон 11 метрийн зайнаас оруулсан байна.
3. Домогт Пеле өрсөлдөгчдийн хаалганд 1289 удаа бөмбөг оруулж, харин түүний хүү Эдиньо эцэг шигээ сайн хөлбөмбөгчин болоогүй ч, бас хөлбөмбөг тоглож, ингэхдээ хаалгачин байжээ. 1999 Эдиньо их спортыг орхисон бөгөөд учир нь зургаан сар хоригдох ялж сонссон юм. Гэвч энэ нь зөвхөн эхлэл байсан хэрэг. Мансууруулах бодис наймаалж, мөнгө угаасан хэргээр нэлээд хэдэн жилийн дараа түүнийг баривчилсан байна. Тэгэхэд тэр 33 жилийн ял сонсжээ. Сүүлд нь түүний ялын хугацааг 12 жил 10 сар болгосон байна. Эдиньо өөрийгөө гэм буруутай гэдгнийг няцааж байжээ. Хүүгийнхээ гэм буруутай гэдэгт итгэдэггүй гэж Пеле бас мэдэгдэж байсан юм.
4. Хаалгачид талбайн тоглогчдыг бодвол, хавьгүй удаан хугацаагаар тоглодог байна. Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн настай аварга нь чухамхүү хаалгач юм. 1982 онд италичууд Испанид болсон ДАШТ-д түрүүлсэн билээ. Шигшээ багийн гол хаалгач нь Дино Зофф байсан бөгөөд шувтаргын тэмцээний өдөр тэр 40 нас хүрчээ. Нэлээд хэдэн сарын дараа Дино хөлбөмбөгийг орхиж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэхдээ би хамгийн бэлтгэл сайтай байхдаа хөлбөмбөгийг орхисон хэмээн тэр ярьдаг байжээ. Хамгийн настай нь хэмээн байнга баалуулж байсандаа залхаж орхисон нь тэр гэнэ.
5. Испанийн нэрт дуучин Хулио Иглесиас хүүхэд байхдаа их тайзны тухай мөрөөдөж байгаагүй аж. Харин тэр хөлбөмбөгт хорхойтой нэгэн байжээ. Бүр 16 настайдаа тэр Мадридын “Реал” клубийн “залуучуудын” хаалганд тоглож байсан байна. Автын осолд орсон нь түүний төлөвлөгөөг нураасан бөгөөд Иглесиас өрөөсөн хөлөө гэмтээж, олон сар эмнгэлэгт хэвтжээ. Энд тэр гитараар тоглож эхлэснээр, хөлбөмбөгт эргэж орж чадахгүй гэдгээ маш сайн ойлгосон аж.
6. Англид олон жил тоглосон Чехийн хаалгач Петр Чех тусгай хамгаалалтын дуулган малгайтай талбайд гарсныг хөгжөөн дэмжигчид нь мэдээж анзаарсан хэрэг. Юу гэвэл, 2006 онд тэр “Рединг” клубтэй тоглож байхдаа тархиндаа сүрхий гэмтэл авчээ. Ингэснээр спортод төдийгүй, түүний амь насанд нь ч аюул учирсан байна. Золоор, Петр Чех их спортод эргэн ирж чадсан бөгөөд гэхдээ одоо эрүүл мэндээ гаргуунд нь хаяагүй байхыг эрхэмлэдэг байна. Түүнд захиалгаар тусгай малгай хийлгэж, ингэснээр тэр “Танкист” гэсэн хоч авчээ.
7. Чехийн шигшээ багийн довтлогч Ян Коллер талбайд өндөр нуруугаараа байнга ялгарч байжээ. Тэр 202 сантиметр өндөр юм. Хүүхэд байхдаа тэр хаалгачаар тоглож, сүүлд нь довтлогч болохоор шийдсэн байна. Насанд хүрсэн хойноо Коллер Дортмундын “Бориссия” багт тоглож, хэсэгхэн хугацаанд хаалгач болжээ. Энэ явдал “Бориссия” багийг “Бавария” клубтэй тоглох үед болсон байна. Дортмундын үндсэн хаалгач Йенс Леман тэмцээнээс хасагдаж, Коллер түүний оронд гарчээ. ”Бавария” багийн тоглогчид өрсөлдөгчийн хаалганд нэг ч бөмбөг оруулж чадаагүй учир, Коллерыг тэмцээний шилдэг хаалгачаар тодруулж байсан байна.
8. Москвагийн “Спартак”-ийн домогт хөлбөмбөгчин Андрей Тихоновт ч бас нэг сонин явдал тохиолджээ. 1996 онд түүний клуб УЕФА-гийн цомын тэмцээнд Данийн "Силькеборгом" багтай тоглосон байна. Тоглолт дуусахаас хэдхэн минутын өмнө хаалгач Руслан Нигматуллин хасагджээ. Намхан нуруутай Тихинов данийнхны осолтой торгуулийн цохилтыг няцаахаар хаалганд очсон байна.
9. Өнгөрсөн зууны сүүлчээр Олон улсын хөл бөмбөгийн түүх, статистикийн холбоо хорьдугаар зууны шилдэг хаалгачдыг тодруулжээ. Домогт Лев Яшин хамгийн олон санал авсан байна. Хоёрт английн Гордон Бэнкс, гуравт италийн Дино Зофф шалгарчээ. Энэ гурваас Лев Яшин нь л хэзээ ч дэлхийн аварга болж байгаагүй ажээ. Гэвч нөгөө хоёр нь Яшинтай эн зэрэгцэж чадаагүй юм.
10. Хөл бөмбөгчид их спортыг орхисныхоо дараа ямар ажил хийдэг вэ? Владимир Маслаченко жишээлвэл, нэрт тайлбарлагч болсон юм. 1998 оны дэлхийн аварга францын Фабьен Бартез автын дээд ангиллын уралдаанч болжээ. Харин хөлбөмбөгт тоглох хугацаандаа эсрэг талын хаалганд 62 бөмбөг оруулж байсан Парагвайн Хосе Луис Чилаверт 2023 онд тус орны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа саяхан мэдэгдсэн юм. Миний бие ядуучуудыг мөнгө тэтгэлгээр доромжлох биш, харин ард түмнийг ажилладаг болгож сургах бодолтой байна гэж тэр хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ