Намрын ээлжит чуулган эхэлж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авав

    УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж намрын ээлжит чуулган нээсэн, БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера айлчилсан зэрэг үйл явдалтайгаар Монголын Улс төрийн нэгэн долоо хоног өнгөрлөө. Түүнчлэн УИХ-аар 2018 оны төсвийн гүйцэтгэл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн нь олны анхаарлын төвд байв.
УИХ-ын даргын захирамжаар энэ оны долоодугаар сарын 5-нд эхэлсэн ээлжит бус чуулган өнгөрсөн сарын 30-нд өндөрлөв.
    Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй хэлэлцэх хуулийн заалтын дагуу хаврын ээлжит чуулган өндөрлөсний дараа УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган эхэлсэн. Энэ хугацаанд чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг батлаад байсан юм.
    Ээлжит бус чуулганыг хаах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ чуулган хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт, үргэлжилсэн хугацаа зэрэг үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болохуйц байлаа. Нийт 69 өдөр үргэлжилсэн энэхүү чуулганаар  23 асуудал хэлэлцлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Улс төрийн намууд, ТББ, иргэдийг оролцуулсан 28 хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ингэснээр иргэд, намуудын саналыг нэг бүрчлэн судлан, чухал шаардлагатайг нь төсөлд тусгаад байгаа. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн ял завшихыг завдсан асуудлыг зогсоох талаар Улсын дээд шүүх, АТГ, УЕПГ-ын дарга нарт хүсэлт хүргүүллээ. Төрөөс авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх ялын бодлого, эрүүгийн хариуцлагын үр нөлөөг судлан, хариуцлагыг чангатгах үүрэг бүхий ажлын баг байгуулан ажиллаж байна. Бидний хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн чухал нэг зорилт нь парламентын засаглалаа бэхжүүлэх юм. Энэ бол түүхэн зорилт, амаргүй үйлс мөн. Та бид ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэн ажилласны дүнд энэхүү төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгалаа. Энэ хууль нийгэмд бугшсан буруу бүхнийг засах хувьсгал эхлүүлж  Монгол Улсыг хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгүй ороход бодит хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө хамтран ажиллахыг улс төрийн намууддаа уриалж байна” гэлээ.
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган эхэллээ
намрын чуулган-н зурган илэрц
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган энэ сарын 1-нд эхэллээ. Намрын ээлжит чуулганаар 186 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.
    2016 онд болсон сонгуулийн дүнд байгуулсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр ээлжит чуулганы хугацаа үлдэж байна. Тиймээс намрын чуулган шахуу хуваарьтай, ачаалал ихтэй ажиллана гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр онцолсон.
Тэрбээр, “Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн алхам бус нийгмийн захиалга юм. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жил туулсан замаа эргэн харж, алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийгмийн хүсэл. Тиймээс энэ цаг үед тохиосон түүхэн үүргээ ухамсарлаж, намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэх боломж бүрдүүлэхийг МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөс хүсэж байна” гэлээ.
    Мөн намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална гэдгийг онцлоод уналтад ороод байсан эдийн засаг бүрэн сэргэсэн гэдгийг итгэлтэй хэлж болно хэмээсэн юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3, 2018 онд 7.2 хувьд хүрч, төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Жил бүр алдагдалтай гардаг төсвийн алдагдлыг бууруулж, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөж ажиллаж байгаа нь УИХ, Засгийн газрын бодлогын үр дүн чамлахааргүй байгааг харуулж байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар дурдлаа. Түүнчлэн дунд хугацаанд гадаад орчинд голлох түүхий эдийн үнэ буурах эрсдэл байгаа тул төсвийн сахилга батыг хангаж өрийн дарамтыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулахад түлхүү анхаарах ёстойг сануулсан юм.
    БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч айлчлав



УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 2-нд Монгол Улсад албан ёсоор айлчлав. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
    Европын орнуудад амьдарч буй монголчуудын дийлэнх нь буюу 9000 гаруй нь БНЧУ-д бий. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар өнөөдөр санал солилцлоо. Мөн БНЧУ-аас Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах болсон. Дээрх хоёр асуудлыг БНЧУ-ын Засгийн газрын өнөөдрийн (өнгөрсөн сарын 30) хуралдаанаар хэлэлцэж байгааг дурдахад таатай байна. Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Уг ойг угтан хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохирсон” гэлээ.
    БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, “Манай хоёр улсын харилцаанд хүндрэлтэй, маргаантай зүйл  байхгүй. Аливаа гэрээ, хэлэлцээ байгуулсны дараа тухайн асуудал цаасан дээр буугаад үлдэх бус бодит ажил болох нь чухал. Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүргийг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэх ёстой. Улс төрчид зөвхөн хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны үүдийг нээж байгаа юм. Тухайлбал, Чехийн бизнес эрхлэгчдийг Монголын зах зээлд гарахыг дэмжих үйлчилгээний төв нээж байна. Энэ төв манай бизнес эрхлэгчдийг Монгол Улсын хууль, тогтоол, стандарт шаардлагад нийцсэн бараа, үйлчилгээ нэвтрүүлэхэд нь туслах юм. Монгол Улс ашигт малтмалаар баян орон. Тиймээс ашигт малтмалын түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоход нь дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
    Айлчлалын хүрээнд ноён Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нартай уулзсан. Мөн Монгол, Чехийн бизнес форум, Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Хөшгийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явцтай танилцав.
    Хүүхдийн мөнгийг олгохдоо Монголбанкаар дамжуулахгүй


Засгийн газрын энэ сарын 2-ны хуралдаанаар Хүүхдийн мөнгө олгох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Хүүхдийн мөнгийг Төрийн сангаас Монголбанканд шилжүүлж, Монголбанк арилжааны банкуудад дамжуулдаг байсан. Уг шат дамжлагыг багасгаж сар бүрийн 20-нд Төрийн сангаас арилжааны банкууд дахь хүүхдийн дансанд шууд шилжүүлдэг болохоор тогтоолд тусгасан байна. ХНХЯ-наас дээрх зохицуулалтыг энэ оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд албан ёсоор тогтоолд өөрчлөлт оруулж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв. Тэрбээр, “Дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хүүхдийн мөнгө цагтаа орохгүй байгаа тухай гомдол олноор ирдэг байсан. Харин энэ оны наймдугаар сараас уг гомдол ирэхээ больсон” гэлээ. Ташрамд дурдахад, энэ оны эхний гурван улиралд нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөг олгосон байна.
Улсын тусгай хэрэгцээнд 255 га газар авлаа



Засгийн газрын энэ сарын 2-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрт зориулан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутгийн 255 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байна.
    Засгийн газрын шийдвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 150 га газарт өрнүүлж буй юм. Цаашид үйлдвэрийг өргөтгөх, шинэ үйлдвэр байгуулах шаардлага үүсэх магадлалтай тул дахин 255 га газрыг тусгай хэрэгцээнд авч буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Тэрбээр, “Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахад БНЭУ-аас  нэг тэрбум ам.долларын зээл олгож байгаа. Саяхан 236 сая ам.доллар нэмж олгох болсноо мэдэгдсэн. Одоогоор үйлдвэрийн дэд бүтэц буюу төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалт дууссан байна. Ирэх оны гуравдугаар сараас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, улмаар 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үйлдвэр байгуулснаар 600-700 ажлын байр бий болж, ам.долларын гарах урсгал 20-30 хувиар буурч, төгрөгийн ханш чангарах боломжтой. Цаашлаад төсвийн орлого 150 сая ам.доллароор өснө гэсэн тооцоолол бий. Үйлдвэрийн ажилтнуудад зориулж 550 өрхийн орон сууц барьж байгаа” хэмээв.
    БНЭУ-ын Газрын тосны сайд Монгол Улсад энэ сарын 8-нд айлчлахаар төлөвлөсөн байна. Энэ үеэр тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцах аж.
Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилов


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон Довчинсүрэнгийн Ганзориг энэ сарын 4-нд үүрэгт ажлаа хүлээн авлаа.
    Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг энэ сарын 1-нд УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний хуралдаанаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн тул албан тушаалд томилох зарлиг гаргасан юм. Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд танилцууллаа.
    Д.Ганзориг 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд Үндэсний Аюулгүй байдлын Ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабт газрын даргаар ажиллаж байжээ.
    Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наядаар батлав
Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний хуралдаанаар батлав.

    Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагад, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамруулсан юм. Уг асуудлыг УИХ-ын бүх байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ долоо хоногт хэлэлцэж, дэмжсэнийг чуулганаар батлав.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Монгол Улсын төсөв 27 тэрбум төгрөгийн ашигтай гарсан, төсвийн тодотгол хийгээгүй зэрэг эерэг үзүүлэлт гарсныг онцолж байлаа.
    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.
    Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20-нд хориг тавьсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн юм. Өчигдөр буюу энэ сарын 3-нд УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байв. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хоригийг дэмжсэн бол Хууль зүйн байнгын хороо хүлээн авахаас татгалзсан байна.
    Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийг танилцуулсан. Танилцуулгад, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бий. Энэ хууль Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой харилцааг нэг бүрчлэн зохицуулсан, чандлан мөрдвөл зохих хууль болсон. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг энэ хуульд бүрэн нийцүүлж, хууль зүйн зөрчил, маргаангүйгээр шийдвэрлэх нь зүй ёсны шаардлага болно. Харамсалтай нь УИХ-ын 73 дугаар тогтоолоор баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь дээрх хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна” гэжээ.
    Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд урт хугацаа зарцуулж боловсруулан УИХ-аар эхний хоёр хэлэлцүүлэг хийсний эцэст хэлэлцүүлгийг зогсоож болохгүй гэсэн санал хэлж байв. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгалийн баялгийн үр өгөөжийг олон нийтэд тэгш хуваарилах талаар заалт туссан. Тиймээс үүнийг Ард нийтийн санал асуулгаар батлах нь зөв гэсэн саналыг УИХ-ын гишүүн О.Батнасан хэлсэн. Түүнчлэн УИХ-ын хариуцлагыг сайжруулах, төсвийн хараат бус байдлыг дээшлүүлэх, хотуудын эрх зүйн байдлыг тодорхойлох олон заалт орсон тул Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстойг Т.Аюурсайхан гишүүн онцлов. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “2000 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсны дараа Үндсэн хуулийн цэцээс төслийг ард түмнээр хэлэлцүүлээгүй нь буруу гэсэн дүгнэлт гаргаж байсан. Уг сургамжаас үндэслээд Ард нийтийн санал асуулга явуулахаар болсон” гэлээ.
    Ийнхүү санал хураахад гишүүдийн 35.8 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь  хоригийг хүлээж аваагүй бол хууль, бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттай. Тодруулбал, гишүүдийн гуравны нэгээс дээш хувь нь дэмжсэн тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин