Улсын яллагч ирээгүй тул Э.Бат-Үүлийг шүүх хурлыг хойшлууллаа
Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.
Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Дээрх хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.09.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт товлогдсон ч ирэх аравдугаар сарын 01-ны өдрийн 14.00 цаг хүртэл хойшиллоо. Учир нь, шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн шалтгааны улмаас ирээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ