Ж.Батзандан: Содномдаржаад номын завсар бритка хавчуулж оруулж өгсөн учрыг тодруулна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа, 401-р хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзсан. Уулзалтын дараа гишүүд хэвлэлд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хүний эрхийн дэд  хороо болон ОУ-ын Парламентын холбоо, УИХ-ын тогтоолоор байгуулагдсан УИХ-ын Түр хороог төлөөлж эрүү шүүлт тулгуулж, шоронд хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай албан ёсоор уулзалт хийлээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа биеийн байдал харьцангүй гайгүй байна. Гэхдээ эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн асуудалтай холбоотой Төв аймагт болсон шүүх хурлын үйл явцад гомдолтой байгаагаа хэлж байна. Шүүхийн шийдвэрээр эрүүдэн шүүсэн гэх этгээдүүдийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. МУ-ын прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр удахгүй гарах байх. Хоёр гурван хувилбараар гарна гэж харж байгаа. Хэргийг анхан шатны шүүх рүү буцаах, эсвэл прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй шийдвэр гаргах боломж бий.

Эрүүдэн шүүсэн этгээдүүд цаг хожих тоглоом тоглож байгааг Түр хорооны гишүүд анхааралтай ажиглаж байна. Эсэргүүцлийг хүлээж авах асуудал 30 хоногийн дотор шийдэгдэх ёстой. 29 дэх хоног дээр гомдол гаргах замаар тоглоом тоглодог, цаг хождог туршлага практик бий. Хэлмэгдэж хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалахад хийж чадах арга хэмжээг авна.

Уулзалтаар хэд хэдэн сэтгэл эмзэглүүлэм мэдээллүүд ирж байна. Б.Содномдаржааг Төв аймагт хорьж байх хугацаанд асар их дарамт үзүүлж байхын хажуугаар өрөөнд нь  бритка  оруулж өгсөн асуудал ярьж байна. Номын завсар хавчуулж оруулж өгсөн тэр  бритка  ямар учиртайг бид мэдэхгүй. Магадгүй Б.Содномдаржааг өөрөөр нь амийг нь хорлуулах оролдлого байсан байна гэж бид харж байна. Өрөөнд байнга хятад будаг байнга оруулж тавьдаг байсан гэнэ. Энэ ямар учиртайг тодруулах шаардлага гарч ирж байна. Хоригдож байгаад будаг ууж үхсэн жишээ олон байдаг. Т.Чимгээг хоригдож байх хугацаанд хэн нэгэн итгээд хүүхдийнх нь аминд хэн нэгэн этгээд санаатай санамсаргүй байдлаар хүрсэн. Үүний дараа Т.Чимгээг амиа хорлох гэж байсан гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ мэдээллийг хаанаас хэн гаргасан бэ, гэдгийг шалгахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Зохиомол хэрэг зохиож, гэм зэмгүй иргэдийг тулгачхаад дараа нь амь насыг хорлох гэж байсан юм биш биз гэх хардлага гүнзгийрч байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүтгэсэн Ц.Амгаланбаатар гэх этгээд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчид хандан “Би энэ залуучуудыг гүтгэчихлээ. Одоо гүтгэсэн мэдүүлгээсээ татгалзсан” гэсэн. Нэг үгээр Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ татгалзчихлаа. Мөнхгал, Бархасбадь, Баяраа, Бямбажав гээд мөрдөн байцаагчдын хууль бус үйлдлүүдийн тухай олон мэдээллүүд ирж байна. Шоронгийн хоригдол Итгэлийг Б.Содномдаржаагийн өрөөнд оруулж хавиргыг нь хугартал нь зодуулсан гээд олон мэдээллүүд авлаа. Зарим мэдээллүүд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой учир ил хэлэх боломжгүй. Улсын эрх ашигт харшлахгүй мэдээллийг үргэлж олон түмэнд мэдээлэх болно. Олон мэдээллүүдийг нягтлан шалгана.Удахгүй өмгөөлөгч нар болон ар гэрийнхэнтэй нь уулзана. Түр хорооныхон долоо хоног бүр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллагаагаа явуулж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд энд байгаа нэг хоног ч эрх нь зөрчигдсөн үйл явц. Ар гэр, үр хүүхдүүд нь зовж тарчилж байгаа энэ өдрүүд үргэлжилж байгаад харамсаж байна. Үүнийг зогсоохын төлөө Түр хороо шаардлагатай бүх алхмыг хийх хэрэгтэй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа эрүүдэн шүүсэн асуудлыг улсын нууцад авчихсан. Үүнийгээ бидэнд ярьсан. Бид тэр яриаг олон нийтэд хүргэснийхээ төлөө Ж.Батзандан бид хоёрт хэрэг нээж, эрүүгийн хэрэг тулгах оролдлого хийж байна. Энэ байж боломгүй зүйл. Нэгдүгээрт, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бидэнд ямар ч төрийн нууц задлаагүй, тэр хоёрын хэлсэн үгээр бид ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Нууцаас гаргасан материалын хүрээнд л бид мэдээлэл өгч байгаа. Гэм зэмгүй, эрүү шүүлт тулгуулж хохирсон энэ хүмүүс эрх чөлөөнд гаргаад үнэн учрыг нь олох ёстой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин