Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

    Өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин нэг ярилцах шаардлагатай байгаа учраас хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгнө үү хэмээлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан хоёр өдөр хуралдан байр сууриа нэгтгээд, саналын томьёоллын хувилбарыг боловсруулсан

    УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал горимын саналтай холбогдуулан тайлбар хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан тавьсан санал Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ гаргасан хойно ирсэн гэдгийг тэрбээр онцолсон. Одоо энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаас шаардлагатай гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааснаар асуудлыг хэлэлцэх боломж бий гэлээ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулах зардал мөнгө, санал асуулга явуулах өдөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг дурдсан.

    Өчигдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудлын тухайд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед хуралдаан даргалагчийн зүгээс Үндсэн хуулийн 6.2 дах хэсэг буюу буюу байгалийн баялагтай холбоотой заалтыг дахин хэлэлцэж, УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүний гаргасан саналыг тусгаад дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах чиглэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу өгсөн гэдгийг тэрбээр дурдлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 6.2 дахь хэсэгтэй холбоотой хоёр санал хэлэлцэгдсэн ч аль аль нь олонхын дэмжлэг аваагүй унасан учир УИХ-ын 68 дугаар тогтоолоор батлагдсан Ажлын хэсэг дахин хуралдаж, нэгдсэн нэг саналын томьёоллыг бэлтгэн оруулж ирсэн гээд уг асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлэх боломжтой гэлээ.

Тайлбар сонссоны дараа Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэх тухай горимын саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ажлын хэсгээр хэлэлцэн тогтсон саналын томьёоллоо танилцуулав.

УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан хоёр өдөр хуралдан байр сууриа нэгтгээд, саналын томьёоллын хувилбарыг боловсруулсан гэлээ.

       Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулжээ.

    Энэхүү саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Энхболд, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга С.Бямбацогт “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно гэж өргөн утгаар нь ойлгоно гэж тайлбарласан. “Дийлэнх” гэдгийг 50+1 гэдэг байдлаар томьёолсон гэдгийг мөн онцолсон. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дээрх саналын томьёоллыг 100 хувь дэмжлээ.

    Мөн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтож хуралдаан өндөрлөсөн хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин