Бүх нийтийн санал асуулга явуулах зардлаа ОУВС-аас “асууна”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Санал асуулгыг 2019 оны аравдугаар сарын 23-24-нд улс орон даяар зохион байгуулж явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.  Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарчээ. Гэвч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нөөц санал асуулга явуулахад хүрэлцэхгүй” гэдгийг хэлсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай хөрөнгө гарна гэсэн анхны төсөөлөл ийнхүү 10 гаруй тэрбум төгрөгрөөр нэмэгдсэн  учир төсвийн нэмэлт тодотгол зайлшгүй болж байна. Хэрэв төсөвт тодотгол хийхээр бол 10 дугаар сарын  эхээр УИХ-ын  ээлжит чуулганаар хэлэлцэнэ гэсэн үг.  Тэгэхээр бүх нийтийн санал асуулга  цаг хугацааны хайчин галд орох  нөхцөл үүсэх үү гэсэн асуудал гарна.

Энэ талаар  УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Санал асуулгыг аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулахаар тусгажээ. Энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангах боломжтой юу.  Хугацааг хойшлуулах боломж бий юу гэдгийг тодруулсан.

Энэ асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн:

-Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулж аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд :

-Хугацааны хувьд аравдугаар сарын 23,24-нд тулгамдах болов уу гэж бодож байна. Нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед зарим  заалт хасагдсан, зарим нь нэмэгдсэн учраас ард түмэнд таниулах ажил их чухал байх болов уу гэсэн санааг илэрхийлсэн.  

 УИХ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгө дууссан, байхгүй мөнгийг гарга гэж хуваарилснаас Төсвийн тодотгол хийх шаардлага бий болж байна. Төсвийн тодотголыг аравдугаар сарын 1-нд өргөн барина гэвэл хугацаа хэр хойшлох вэ. Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуульд иргэдэд таниулах, мэдээ мэдээллээр хангах заалт бий. Энэ төсвийг Засгийн газар, УИХ хоёрын аль нь ч хариуцах вэ. Гарах зардлыг төсвийн тодотгол хийхээс өөр арга байхгүй гэж байгаа, зардал шийдэгдсэнээс хойш ямар хугацаанд Ард нийтийн санал асуулгыг явуулах боломжтой вэ гэдгийг тодрууллаа.

Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Төсвийн тодотгол хийх бүрэн эрх нь УИХ-ын асуудал. Зардал нэмэхтэй холбоотой аливаа тодотгол хийхийг ОУВС-аас хориглосон байгаа ч үүнийг ярилцаад шийдэж болох байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийг хэвлэн нийтлэх, эхийг иргэдэд таниулах, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээ, нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд таниулах, мэдээллээр хангаж ажиллах зэрэг зардал гарах учраас урьдчилж тооцоолох боломжгүй зардал нэмэгдэнэ гэв.

Тэгэхээр ирэх 10 дугаар сард эхлэх УИХ-ын ээлжит чуулганы эхлэн хэлэлцэх асуудал төсөвт тодотгол хийж Бүх нийтийн санал асуулга хийх  зардлынхаа эх үүсвэрийг шийдэх  тухай байх нь.  Гэхдээ ОУВС-ийн өмнө зардал нэмэхгүй байх тохиролцоо бий.  Тийм учраас эхлээд ОУВС-тай тохиролцох шаардлага гарч байна гэсэн үг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин