АН-ынхан саналуудаа татаж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэгээс татгалзалаа
УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын УИХ дах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, "АН-ын зөвлөл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зарчмын гол гол заалтуудыг санал болгож, зарчмын байр сууриа илэрхийлсэн 25 саналыг хүргүүлсэн. Харамсалтай нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зайлшгүй орох шаардлагатай манай саналууд унасан. Тийм учраас бид ҮХНӨ-ийн төсөлд оруулсан саналуудаа татаж авч, хэлэлцүүлэгт дахин оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ, "Хэнтий аймгийн сонгох эрхийг зөрчсөн, УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн асуудлаар гаргасан шийдвэрээ эргэж харахыг Үндсэн хуулийн Цэцээс шаардаж байна" гэв.
Мөн "Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга явуулж байна. 1991-01-04-ны өдөр БНМАУ-ын баталсан хуулиар энэ засгийн газар 2019-03-06-ны өдөр Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосон. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр зургаан сарын хугацаанд засгийн газрын шууд хяналтад ажилласан. Гэтэл энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрт 150,0 сая долларын нууц гэрээ хийгдсэн тухай мэдээлэл зарим ХМХ ээр гарсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрөө онцгой байдал гэгч юмыг санаачилж, хэрэгжүүлчхээд "өөрөө мэдээгүй" гэх тайлбарыг телевизээр өгч харагдсан. Ийм зүйл байж болохгүй.
Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, шийдэж буй дотоод асуудлыг хуулиараа сар бүр Засгийн газар, Байнгын хороонд мэдээлж байх үүрэгтэй. Гэтэл Засгийн газар хуулиар олгосон онцгой эрхээ эдэлсэн ч хуулиар хүлээсээ үүргээ биелүүлсэнгүй. Сар бүрийн мэдээллийг огт хийгээгүй. Ард түмэн байтугай УИХ ч мэдэхгүй байна. Иймд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй онцгой дэглэмийн хэрэгжилтийн талаар УИХ болон олон нийтэд мэдээлэхийг Засгийн газраас шаардаж байна.
Мөн Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналаа 10 хоногийн өмнө Засгийн газарт оруулж хэлэлцүүлж шийдвэр гаргах ёстой. Гэтэл хугацаа сунгах талаар нэг ч мэдээлэл тайлбар ирүүлээгүй байна. 2019-09-06-ны өдөр дуусах байсан. УИХ одоо болтол хугацаа сунгах талаар хэлэлцээгүй явж ирлээ. Иймд ямар эрх зүйн орчин үйлчлүүлж Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгасан болохоо тайлбарлахыг Засгийн газраас шаардаж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар засаглал төлөвшүүлэх болов уу гэж олон нийт хүлээж байв. Гэтэл эрх баригч нам судлаачдын байр суурийг хуулийн төсөлд хангалттай тусгасангүй. Хэт эрдэх замаар энэ төслийг батлах гэж байна. Парламентад суудалгүй намууд, иргэдийн байр суурийг огт сонссонгүй. Энэ төслийг өргөн барихдаа Ерөнхийлөгчийн саналыг авалгүй шууд өргөн барьсан. Хууль батлах шат дамжлагыг ийнхүү зөрчсөнийг бид тухайн үедээ шүүмжилсэн. АН сул идэвхгүй, үлбэгэр дорой байсан гэдэг шүүмжлэлийг хүлээн авахгүй. 62 гишүүний эсрэг бидний санал ямар ч нөлөө үзүүлэхгүй байна. Ажлын хэсгээс оруулж ирсэн анхны төслийг бид дэмжсэн. МАН өөрсдөө зарим чухал заалтыг хассаныг та бүхэн мэдэж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ