Х.Баттулга: Хоёр орны дипломат харилцаа иж бүрэн стратегийн түншлэлд хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.09.02/ үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм. В.Путинийг албан ёсоор угтан авах үйл ажиллагаа 13 цагт эхэллээ. Түүнийг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга угтаж авснаар ийнхүү айлчлалын үйл ажиллагаа эхэлсэн юм. ОХУ болон Монгол улсын төрийн дуулал Сүхбаатарын талбайд эгшиглэсний дараа хоёр улсын Ерөнхийлөгч эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахууллаа. Үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тусгайлан уулзалт 40 минут үргэлжилсэн юм.
Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэрбээр " Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна" гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид баяртай байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм.
Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно" гэлээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга "ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. 2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна.
Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ.
Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ" гэв.
17 цагт Хоёр орны ерөнхийлөгч ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин,маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ