Владимир Путин: ОХУ, Монголын харилцаа шинэ түвшинд хүрнэ

ОХУ, Монгол Улс иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулснаар хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэгэн ярилцлагадаа хэлснийг Кремлийн вебсайт өнөөдөр нийтэлжээ.

Путин Монголд айлчлах болсонтой холбогдуулан “Өдрийн Сонин”-д өгсөн ярилцлагадаа “Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэтийн төлөвийг хэлэлцэнэ. Тэр дундаа хоёр улсын стратегийн хамтын ажиллагааны дунд түвшний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцоно” гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Айлчлалын төгсгөлд бид хоёр талын харилцааны үндсийг шинэ түвшинд хүргэх иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулна” гэж хэлэхийн сацуу уг баримт бичиг нь 1993 оны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд тулгуурласан гэдгийг онцолжээ.

Түүнчлэн ОХУ-ын төрийн тэргүүн хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагааг олон жилийн турш хөгжүүлж ирснийг онцлов. Тухайлбал энэ жил “Улаанбаатар төмөр зам” хамтын хөрөнгө оруулалттай нийгэмлэгийн 70 жилийн ой, Зөвлөлтийн дэмжлэгтэйгээр атар газар эзэмшиж эхэлсний 60 жилийн ой тохиож байгааг иш татжээ. 

ОХУ-ын төрийн тэргүүн үргэлжлүүлэн "Өнөөдөр Орос, Монгол улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын салбарыг хамарсан иж бүрэн, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байна" хэмээсэн байна. 

Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-ны орой хүрэлцэн ирж 1939 онд Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцоно. Хоёр улсын удирдагчид есдүгээр сарын 3-нд шинэ гэрээнд гарын үсэг зурна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах мэдээллээ.

Эх сурвалж: Tass.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин