Ц.Нямдорж: Яагаад 10.00 цагт хуралдаа ирж чаддаггүй юм. Бүтэн гурван жил унтлаа
Энэ долоо хоногийн даваа гарагт эхлэх байсан чуулган хоёр өдөр өнжиж, лхагва гарагт эхлэхдээ хоёр цагийн дараа арай гэж эхэлсэн. Гэвч техникийн саатал гарч завсарласан. Чуулганы ирц бүрдсэн ч 57-гийн босго давахгүй саналууд унаж байгаагаас үүдэн чуулганы танхимд гишүүд хоорондоо муудалцаж, зарим нэг нь эсэргүүцэн орилж, хөл хөдөлгөөнтэй өдрүүд үргэлжилсээр байна.
Ирц бүрдэлт, техникийн саатал уу эсвэл өөрсдөө буруу дарсан уу ямартай ч мөн л хэрүүлийн нэг шалтгаан болж байна.
Лхагва гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Эрх баригчид ирцээ бүрдүүл” хэмээн олон дахин хэлснээс болж чуулганы үйл ажиллагаа тасалдуулсан “хэргээр” танхимаас хөөгдөхөө шахсан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Эрх баригчид 64-үүлээ байж 57-гоо бүрдүүлж чадахгүй байгаа нь өөрсдийнх нь асуудал. АН, УИХ-ын гишүүн О.Баасанхүүд буруу байхгүй. Энэ асуудлаа шийд” ч гээд хэлээд авав.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ удаа дараа гишүүдийг идэвхтэй байхыг сануулж, гуйж үзсээр байгаа юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүдийг чухал асуудал хэлэлцэж байхад идэвхгүй байгааг шүүмжилж, орой суугаад ч хамаагүй хэлэлцэхгүй ажлын цаг, цайны цаг гэсээр байгаад ч шүүмжлэлтэй хандаж байв.
Өнгөрсөн хуралдаануудаад тэр бүр бухимдсан үгс хэлээгүй Хууль зүйн сайд харин өнөөдөр ширүүн байлаа. Ирц бүрдэхгүй байгаад, гишүүдийн хариуцлагагүй байгаад ичиж байгаагаа ч хэлээд амжсан.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Амин чухал эрх ашиг ярихаар яагаад алга болдог юм. Яагаад 10.00 цагт хуралдаа ирж чаддаггүй юм. Бүтэн гурван жил унтлаа. Үндсэн хуулийн асуудал хэлэлцэхийг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон байна. Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар нар бол аргагүй шалтгаантай. Бусад нь яагаад ирэхгүй байгаа юм.
Хүний өмнөөс ичих чинь ямар хэцүү юм. МАН-ын парламентын бүрэлдэхүүн ийм сахилга сул байсныг 30 жилийн хугацаанд үзээгүй юм байна. Албан тушаал ярихаар хамгийн түрүүнд ирдэг хэр нь өнөөдөр алга. Ерөнхийлөгчөөс бусад нь энд сууж байх ёстой.
Саяны нэр дуудсан баян цатгалан гишүүдээ дууд. Мөнгөндөө аархаад байгаа юм уу. Өөрсдийнх нь хөдөлмөрлөж олсон мөнгө биш л дээ. АН эрх барьж байхад ирц бүрдэхгүй ингээд л хэрэлдээд суудаг байсан. МАН-ын үед бас л ирц бүрдэхгүй боллоо.
МАН-ын нэр дээр шинээр гишүүн болсон 40 гаруй гишүүн байна. Та нар биднийг явсны дараа яаж төрийг авч явах юм. албан тушаал, мөнгөнөөс өөр бодох юм алга Шөнөжин баардаад явдаг юм уу, юугаа хийгээд яваад байгаа юм. Өглөө цагтаа ирэхгүй унтаад алга болчих юм. Цалгар назгаар байдал чинь олон түмний дунд парламентын нэр хүндийг унагаж байна” гэсэн юм.
Түүний хувьд Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын гишүүдийн нэрийг онцлон хэлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ