Тэр 4.1 тэрбум ам.доллар хаачсан юм бэ
Монголчуудын хувьд “Чингэс” бонд гээч нь түмэн үед байгаагүй их хөрөнгө болой. Өөрөөр хэлбэл 1.5 тэрбум ам.доллар буюу хоёр их наяд 377 тэрбум төгрөгийг монгол хүн барьж үзэх нь бүү хэл сонсохоос ч зүрхшээдэг байсан гэж байна. Тэгээд одоо энэ их мөнгийг \аль хэдийнэ ихэнхийг нь үрээд дуусгачихсан\ юунд зарцуулах вэ гэдгийг ард түмний хуралдайгаар шийдэх нь халаг жүжиглэж байгаа нь үнэн.
Гэхдээ Монгол Улс бонд хэмээгч өрийн бичгээр олсон мөнгөнөөс хэд дахин их хөрөнгийг зүгээр л шингээчихсэн гэдгийг манайхан мэддэг болов уу. Зөв зохистой шингэх нь биед хэрэгтэй ч зүй бусаар идсэн бол өвчин болох нь дамжиггүй. Тэгвэл гадны эргэн төлөгдөх болон төлөгдөхгүй их хөрөнгө оруулалтыг монголчууд хэрхэн шингээсэн бол.
Хамгийн наад захын жишээ Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 1.2 тэрбум ам.доллар буюу нэг их наяд 902 тэрбум төгрөгийн хөрөнгийг манай улсын дэд бүтэц, үнэт цаасны зах зээл, жижиг дунд үйлдвэрийн салбарт оруулжээ. Энэ бүх мөнгийг өгснийхөө шанд тэд ямар нэг ашиг унагасан гэж лав хов жив сонсоогүй. Харин манай талынхан үүнийг зохих салбарт нь оруулахын тулд 70 болон түүнээс дээш хувийг нь өөрсдөдөө шингээх зарчмаар ажиллаж байсан гэвэл буруудахгүй.
Хамгийн гол нь Азийн хөгжлийн банк 170 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ гэдгээ Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэн. Бүр сар хүрэхгүй хугацааны өмнө. Ингээд бодохоор зөвхөн Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад оруулсан хөрөнгийн хэмжээ “Чингэс” бондынхтой дүйцэж байгаа юм. Бүр нарийн ярих юм бол Монгол Улс 2017 оноос бондын өрийг хүүтэй нь төлж эхэлнэ. Харин АХБ-ны мөнгөний ихэнх нь буцалтгүй тусламж. Энэ тохиолдолд манайхан гадныхан л болсон хойно ямар санаа агуулав гэж хардаж сэрдэх хэдий ч Засгийн газраас барьцаалан байж тавьсан өр болон буцалтгүй тусламжийн аль алийг нь зөв л шингээхгүй бол угаасаа гадныхан л бол гадныхан.
Дараагийн жишээ нь самурай тусламж. Манайхан ингэж нэрлэдэг. Наран улс 1990 оноос хойш манай улсад 268 тэрбум иенийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Энэ нь дөрвөн их наяд 288 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Нөгөө гайхамшигт “Чингэс” бондоос олсон мөнгөнөөс хамаагүй их хөрөнгө. Мөн л дэд бүтэц, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой хөрөнгө юм билээ. Япончууд одоо дотроо бид монголчуудын хөгжилд аймар үнэтэй хувь нэмэр оруулсан гэж бодож байж болох ч үүний өчүүхэн хэсэг нь зохих эзэндээ очсон болоод дууссан гэж лав сэтгээгүй. Угаасаа сэтгэх шаардлага ч үгүй. Тэд эдийн засгаас нь илүү гарсан мөнгийг Монгол руу хаясан ба манайд харин зарлагаас давсан орлого байхгүй учраас алгаа тосох нь тодорхой. Гэхдээ шууд хэлэхэд үе үеийн Засгийн газрын увайгүй урагшгүйгээс тэр их мөнгө “Муу нохойн гэдсэн шар тос тогтохгүй” гэдэг болж дууссан.
Хоёрхон жишээ татахад ийм байна. Манай улс өнгөрсөн жил элдвийн хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж авдаг ангиллын орон байхаа больж энгийн зээлийн зэрэглэл рүү шат ахисан. Гэтэл энэ нь уул уурхайг дагасан хэдэн сайхан хөрөнгө оруулалтаас шалтгаалсан түр зуурын өсөлттэй холбоотой дүгнэлт.
Яагаад гэвэл түүхийн хуудаснаа Монгол Улсын дэд бүтэц, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбар хоёрхон эх үүсвэрээс л гэхэд нийт 4.1 тэрбум ам.доллар шингээчихсэн байгаа. Юун “Чингэс” бондын 1.5 тэрбум “барагдахгүй” их доллар. Тэгсэн хэрнээ дэд бүтцийн салбарын хөгжил хамгийн болхи яст мэлхийнээс ч удаанаар урагшилмар аядаж байгааг хүн бүр мэднэ. Тэгвэл энэ их мөнгө хаашаа урсаад одоо үнэр нь ч байхгүй алга болсон хэрэг вэ. Хөгжилтэй орнуудын нэг том хотын нэг жижиг дүүргийн төсөвтэй тэнцэх хэдий ч монголчуудын хувьд бүхэл бүтэн баялаг бүтээх мөнгө болж болох л байсан.
Хэрвээ энэ мөнгө үнэхээр жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй руу зохих ёсоор орсон бол монголчууд одоо ч гэсэн морин хадуураар хадлангаа бэлдэж, өвлийн хүйтэн, зудны хүндэд зүрх алдахгүй болчих байсан биш үү. Яах вэ малчид өвөлжөө рүүгээ нүүхдээ шар тэрэг биш портероор ачаалж, сумын төв рүү хужаа мотоцикл унаж давхих болсон ч энэ нь төр засгийн буян биш цаг үеэ дагасан техникийн дэвшлийн өчүүхэн муу хэсэг гэдгийг ойлгоосой.
Тэгээд бас намар намрын шар наранд ногоочид дээр үеийн орос капатлаар төмсөө ил гаргаад, тэрийгээ гараараа шуудайлж, амыг нь төмөр утсаар хүлээд сургуулийн хүүхдүүд хөлсөлж шуудайтай төмс үүрч зөөх нь 4.1 тэрбум ам.доллар идсэн салбарын нүүр царай огтоосоо биш.
Хоёрхон жишээний цаана иймэрхүү төрх мянга түмээрээ бий. Тэгвэл Норвегийн сан, Дэлхийн банк, ОУВС, Кувейт, АНУ, БНСУ-ын Засгийн газруудын тусламж, хандивууд, олон улсын шашны байгууллагуудын тус нэмэр энэ тэрийг тоочвол тоолох байтугай төсөөлөхөөс ч ой тоонд багтамгүй юм болно биз. Хамгийн наад зах нь Далай лам Гандантэгчинлэн хийдэд жил бүр хоёр тэрбум төгрөгийн тусламж үзүүлдэг гэсэн. Сүсэгтэн олны сүсэг бишрэлийг ариун байлгаарай гэж өгдөг байлгүй дээ. Харин Гандангийн дэнж, Монголын шарын шашны өнөөгийн төрх, гүзээ ихт балин хамартай мяндаг өндөр лам нарын жийп машин зэргээс харахад хөрөнгө оруулалт угаасаа манайд тохирох эд биш ээ. Нэгт бол үүнийг зохицуулах чанга гар л хэрэгтэй байх.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ