“Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Mонгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр /08.20/ хүлээн авч уулзлаа.

Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форум дахь эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төр, засгийн албаны хүмүүсийн оролцоо нь Ази тивийн асуудлаар санал мэдээлэл солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцахаас гадна Монгол Улстай явуулж буй бизнесийн харилцаанд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх завшаан олгож буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форумын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох бодлого баримтлахын сацуу ноён Бан Ги Мүний тэргүүлдэг байгаль орчны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.

Ноён Бан Ги Мүн Боао форумын арга хэмжээг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил хурдацтай өсч буй үед энэхүү форумыг зохион байгуулж байгааг онцлов.

Мөн ирэх жил тохиох “Азийн төлөөх Боао форум”-ын 20 жилийн ойн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг оролцохыг урьж байгаагаа форумын дарга ноён Бан Ги Мүн уулзалтын үеэр уламжлав.

Түүнчлэн ноён Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан олон улс, бүс нутаг дахь сорилтуудыг хөндөж, Зүүн хойд Азийн Цэвэр агаарын түншлэл (NEACAP), өөрийн тэргүүлдэг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI) зэрэг механизмуудын хүрээнд Монгол Улстай агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Талууд бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Эх сурвалж: PRESIDENT.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин