Дэлхий рүү томоохон солир ойртож байна
АНУ-ын Сансар судлалын үндэсний газар (NASA) дэлхий рүү 160 метрийн голчтой 2019 OU1 хэмээх томоохон солир секундэд 13 км хурдтайгаар Дэлхий рүү ойртож буйг анхааруулжээ.
Хеопсын пирамидаас 20 шахам метрээр том тус солир энэ сарын 28-нд Дэлхийд хамгийн ихээр буюу нэг сая орчим км зайд ойртоод өнгөрөх тул манай гаригт ямар нэг аюул заналхийлэхгүй юм байна. 2019 OU1 нь энэ сарын эхний арав хоногт илрүүлсэн 21 дэх солир болжээ.
NASA-гийн тооцоогоор Дэлхийд ойр сансар огторгуйд өнөөг хүртэл илрүүлээгүй 17 мянга орчим солир байж болох магадлалтай аж. Иймээс NASA 2021 оны аравдугаар сард Нарны аймгийн солируудыг судлах “Lucy” автомат станц хөөргөхөөр төлөвлөжээ. “Lucy” 2025 оны дөрөвдүгээр сард Ангараг, Бархасбадь гаригуудын дунд орших солирын бүсэд хүрч хамгийн түрүүнд 1981 оны гуравдугаар сард илрүүлсэн Доналджохансон солирыг судлах аж. Улмаар 2027 онд Эврибат, Полимела, Левк, Ор зэрэг янз бүрийн хэлбэртэй солируудыг судлах юм байна.
“Lucy” автомат станцын нислэг солирын судалгааг урагшлуулахаас гадна Дэлхийд унах магадлалтай солируудыг илрүүлэх зорилготой ажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ