Монгол-АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

АНУ-ын Батлан хамгаалахын сайд ноён Марк Эспер Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. 

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон бөгөөд тус улстай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг юм. 

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр тус тус хөгжиж байна. 

Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. 


Монгол Улс, АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран амжилттай урагшлан хөгжиж байгаа бөгөөд энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсээр байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд ноён Марк Эспер 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон юм.

Мөн энэ өдөр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Фомин Александр Васильевичийг БХЯ-наа хүлээн авч уулзлаа. Талууд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Цэргийн наадам-2019" олон улсын тэмцээний хүрээнд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны талаар ярилцсаны сацуу цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин