Р.Дагва: Үндсэн хуулийн зүйл заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь, үзэл баримтлалын суурь зарчмын илэрхийлэл байх ёстой
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвшилцөх ажлын хэсэг эдгээр өдрүүдэд цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буй. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл дэх нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой заалтын талаарх хэлэлцүүлгийг өчигдөр “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгийн удирдах албан тушаалтнаас гадна улстөрийн 20 нам, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 150 хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ хуулийн төсөлд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтууд буюу зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгасан талаар онцолсон. Мөн тэрбээр хуулийн төсөлд нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг, захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар УИХ шийдвэрлэдэг байх зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгосон гэдгээ хэлсэн юм.
Төслийн танилцуулгуудтай холбогдуулж 33 оролцогч санал хэлж, 28 оролцогч асуулт асууж ажлын хэсгийн гишүүд, судлаачдаас тайлбар авсан. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үг хэлсэн бөгөөд хотыг хөгжүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд захиргааны болон санхүүгийн эрх мэдэл орон нутагт хамгийн чухал гэдгийг онцоллоо. Тодруулбал, тэрбээр “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хот бүх орлогоо улсад төвлөрүүлж, улмаар багахан хэсгийг нь төсөв хэлбэрээр буцаан авч, түүгээрээ тулгамдаж буй бэрхшээлээ шийдэж, хотоо хөгжүүлэхээр ажиллаж ирлээ. Хотод тулгамдаад байгаа агаар, орчны бохирдол гээд гамшгийн хэмжээнд хүрсэн асуудлуудыг цаашид ийм зарчмаар шийдвэрлэх боломжгүй, бодит амьдралтай нийцэхгүйг бүгд мэднэ. Тиймээс нийслэлд санхүүгийн болон захиргааны эрх мэдэл хэрэгтэй. Бид энэ тухай олон жил ярьсан. Үүнийг ямар өгүүлбэрээр, хаана шингээх вэ гэдэг үзэл санаагаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгавал өнөөдрийн бидний энд ярьсан зүйл үр дүнтэй болно. Үндсэн хуулийн зүйл заалтууд, тэдгээрт оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, түүний үзэл баримтлалын суурь зарчмын илэрхийлэл байх ёстой. Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувиар нь төрт ёсны уламжлал, дэлхий нийтийн жишиг, хот байгуулалтын онол, шинжлэх ухааны үндэслэлтэй байх учиртай” гэсэн юм. Мөн “Өргөн барьсан хуулийн төслийн 57.2 дугаар заалтыг Та бүхэн анзаарч, тэр өгүүлбэрийн утга санаан дунд бидний хүсээд байгаа боломж байна уу, үгүй юу гэдгийг анхаараарай. Өнөөдрийн хотуудын зовлон, магад ирээдүйд бий болох хотуудын зовлонг шийдэхэд хэрэг болох үзэл санаа тус заалтад сууж уу, үгүй юү гэдгийг анхаарах нь чухал” гэв.
Дашрамд, нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнгөрсөн лхагва гарагт зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ