Үндсэн хуулийн нээлттэй хэлэлцүүлгүүдийн хуваарь
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй уялдуулан УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцөх ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлгүүд энэ долоо хоногийн турш буюу 2019 оны 7 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож тухайн тухайн асуудлаар санал бодлоо сонсож хэлэлцэх бөгөөд нийтдээ таван удаагийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа юм.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд, "Их Эзэн Чингис хаан" танхимд зохион байгуулах юм. Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож төсөл, саналаа танилцуулах ажээ.
Энэ долоо хоногийн хэлэлцүүлгүүд:
-Даваа гарагт: Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Мягмар гарагт: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Лхагва гарагт: Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Пүрэв гарагт: Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Баасан гарагт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар тус тус хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ