Ажлын хэсгийн хэлэлцүүлэг өнөөдөр гүйцэтгэх эрх мэдлийн асуудлаар эхэлнэ
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй уялдуулан УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцөх ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэгүүд энэ долоо хоногийн турш буюу 2019 оны 7 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож тухайн тухайн асуудлаар санал бодлоо сонсож хэлэлцэх бөгөөд нийтдээ таван удаагийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа аж.
Тус ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, УИХ-ын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулна” гэдгийг мэдээлээд буй.
Энэ долоо хоногийн хэлэлцүүлэгүүд:
-Даваа гарагт: Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Мягмар гарагт: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Лхагва гарагт: Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Пүрэв гарагт: Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Баасан гарагт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар тус тус хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ