Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас явуулж буй бодлого, гаргасан шийдвэрийн талаар танилцуулав. Жилийн өмнө Говь-Алтай аймгийн иргэд аймгийн хэмжээнд тулгамдаж буй 15 асуудлыг дэвшүүлснийг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласнаа Ерөнхий сайд мэдэгдэв. Тухайлбал Эмнэлэг, сургууль, онцгой байдлын албаны барилгуудын санхүүжилт царцаж, барилга угсралтын ажил зогссон байсныг 2019 оны төсөвт суулгуулж гүйцэтгэлийн ажил хийгдэж байна. Мөн Алтай хотын иргэдийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох “Тайшир-Алтай ус хангамж” төсөл, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэл 127 км хатуу хучилттай автозам тавих төслийг тус тус хэрэгжүүлж, барилга гүйцэтгэлийн ажлыг эхлүүлээд байна гэв. Олон жил дамнаж, үе үеийн Засгийн газрын удирдлагуудад Говь-Алтай аймгийн иргэдийн дийлэнхи олонхийн гаргадаг эдгээр голлох томоохон асуудлуудын шийдлийг гаргаж, төслүүдийг эхлүүлснээ богино хугацаанд гүйцэтгэж дуусгахын төлөө ажиллах болно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр шударга ёсыг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг өргөжүүлэх, бүтээн байгуулалтуудыг дуусгаж, үр шимийг нь хүртээх ажлыг тууштай явуулахыг Ерөнхий сайдаас иргэд хүслээ. Мөн улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд нөлөөлөх томоохон төслүүдийг эрчимжүүлэхийг захив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ