Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

Энэ тухайгаа “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв.

ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино.

Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байна.

Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй.

Түүнчлэн бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Олон Улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудыг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй.

Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна. Үүнд:

Нэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд:

  1. Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, 5 хувийн татвартай болгосон. Үүний хүрээнд “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний баримт бичиг”-ийн 5.5 дахь заалтын дагуу олон улсаас зээлсэн 4.2 тэрбум ам.долларын зээлийн төлбөрт “Оюутолгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх бүх төрлийн төлбөр “хүүгийн орлоготой адилтгах” орлогод тооцогдож, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулиар ногдуулах 20 хувийн татвар 5 хувь болох бөгөөд энэ нь үүсэж болох ноцтой үр дагаваруудын нэг юм.
  1. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд олон улсын жишгийн дагуу тусгагдан зохицуулагдсан байгаа “Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулан, хүүгийн зардлын хязгаарлалтыг сулруулсан, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын “хүүгийн зардал хэлбэрээр ашгийг гадагш зувчуулж байгаа” үйл ажиллагааг хуулиар дэмжиж дотоодын татварын орлогын суурийг хумигдуулсан. Үүний хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн татварын тайлангаарх алдагдал их хэмжээгээр өсөж, манай улсын ногдол ашиг авах хугацаа дахин хэдэн арван жилээр хойшлох сөрөг үр дагаварт хүрэхээр байна.
  1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилж, нэмүү өртөг үүсгэхгүйгээр уул уурхайн салбараас хууль бус ашиг олох үйл ажиллагааг хуулиар дэмжсэн.
  1. Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан нь тухайн компаниудад татварын зардлыг давхардуулах замаар татвараас зайлсхийх боломжийг олгож, татварын бүртгэлийг энгийн болгох, тайлангийн хугацааг цөөлөх, тайлагналын системийг хялбаршуулах зэрэг хуулийн шинэчлэлийн зорилгыг гажуудуулан, төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр бууруулахад хүргэхээр байна.
  1. Арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулахаар зохицуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулж, уг татварыг 2 дахин бууруулж 5 хувь болгосон. Дэлхийн жишигт байхгүй өндөр хүүтэй зээл олгож, Монгол Улсын эдийн засгийн салбарт хамгийн өндөр ашиг олж байгаа арилжааны банкуудын татварыг бууруулах бодлого баримталсан хирнээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа зээлийн хүүгийн дарамтыг татварын бодлогоор бууруулахад чиглэсэн, оновчтой зөв шийдлийг тусгаж чадаагүй байна.
  1. Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд татварын хялбаршуулсан горимын дагуу жилд нэг удаа татварын тайлан гаргах бол хуульд заасан бүх төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болохоос гадна гадаад улсад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасагдуулах эрхгүй болох зохицуулалт тусгасан. Энэ нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг тунхагласан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад нийцэхгүйгээс гадна “татварыг үл давхардуулан ногдуулах” зарчмыг тунхагласан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон НҮБ-ын 1977 оны Татварын загвар гэрээний 23 дугаар зүйлийг ноцтой зөрчинө. Түүнчлэн энэ зохицуулалтаар борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд “хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчийн албан татварыг Улаанбаатар хотоос 500 км-ээс хол бол 50 хувиар, 1000 км-ээс хол бол 90 хувиар хөнгөлөх хөнгөлөлт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулсан, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, сүү, тахианы мах, махан бүтээгдэхүүн ба дотоодод шинээр инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн зэрэг тохиолдолд олгох” албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна.

Хоёр. Татварын ерөнхий хуульд:

  1. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт нийцэхгүй бөгөөд “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх” иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, хязгаарласан шинжтэй байна.
  1. Төлөөгүй эсхүл үндэслэлгүй хураасан татварт тооцох алдангийн хэмжээг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалах, дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх, татвар төлөгчид сануулах байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авах, зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, хүсэлтийн маягт, зөвлөмжийн маягт, зөвлөмжийг хүчингүй болгох, олон нийтэд мэдээлэх, татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг буцаан олгох зориулалттай дансыг хөтлөх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон журмуудыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан бөгөөд үүний хүрээнд өмнө нь Засгийн газраас шийдвэрлэж ирсэн зарим асуудлыг Сангийн сайдад шилжүүлж, нэг албан тушаалтанд эрх мэдлийг хэтэрхий төвлөрүүлсэн гэж үзэж болохоор байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” нь Засгийн газрын нийтлэг чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрхийн нэг байхаар хуульчилсан бол Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх… үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх…” гэж заасан. Татвар төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаагаар болон шууд гэрээгээр зарах, тээврийн хэрэгслийнх нь хөдөлгөөнийг хязгаарлах, татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг буцаан олгох зэрэг ажиллагаа нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөх тул холбогдох журмуудыг зөвхөн Сангийн сайд батлах нь учир дутагдалтай байна.
  1. Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан нь татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх ноцтой үр дагаварт хүргэхээр байна. Тухайлбал шүүхийн шийдвэргүйгээр хэрэгжүүлэх татварын албаны өр хураах үйл ажиллагааны цар хүрээ хэт өргөссөн, маргаан таслах зөвлөлийн эрх мэдэл, ашиг сонирхлоор асуудлыг шийдвэрлэх боломж нэмэгдсэн, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргах эрхийг тусгайлан олгосон зэрэг нягталбал зохих асуудал нилээдгүй тусгагдсан байгаа юм. Эдгээрээс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад олгосон “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргах” эрхийн хүрээнд үүсэх хүндрэл, хууль зүйн зөрчлийг жишээ болгож, тухайлан тайлбарлавал, Хууль тогтоомжийн тухай хуулиар “хуулийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих” шаардлага тавьсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” нь Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Иймд зөвлөмж нэртэйгээр “хууль хэрэгжүүлэх”-тэй холбогдсон тайлбар өгөх /гаргах/ эрхийг “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга”-д улам дэлгэрүүлэн олгож байгаа нь хуульд нийцэхгүй юм. Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн баримт бичгийн дагуу Оюутолгой ХХК-д татварын илт давуу байдал олгож, ийм төрлийн эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг үйлдсэн нь хуулийн байгууллагаар шалгагдаж буйг анхаарах шаардлагатай.
  1. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Татварын ерөнхий хуульд татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар зохицуулсныг 4 жил болгосон нь ач холбогдол, үр дагаврын хувьд ойлгомжгүй, иргэд олон нийтэд хардлага төрүүлэхээр байна.
  1. Татварыг аливаа авлагаас түрүүлж гаргуулах, түүнчлэн татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд өр үүссэн хуулийн хугацаанаас нэг жилийн өмнөх өдрөөс хойш хугацаанд тухайн өртэй татвар төлөгчтэй иргэний эрх зүйн харилцаанд орсон этгээдийг татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байхаар хуульчилсан нь Иргэний хуульд заасан өмчийн болон гэрээний эрх зүйн зохицуулалтад нийцэхгүй гэж үзэж болохоор байгаа тул нягтлан хэлэлцэх зайлшгүй шаардлага үүсэхээр байна.
  1. Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцна гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн “…Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан энэ дарааллыг алдагдуулах нь татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнг бууруулах, авлига хээл хахуулийн суурийг бэхжүүлэх болон иргэн, хуулийн этгээдийн хувьд захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлоо авч чадахгүйд хүрч мэдэх сөрөг үр дагавар үүсэхээр байна.

Гурав. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд:

  1. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд орлогын татвар төлөгчдийг аль болохоор өөрийн улсын байнга оршин суугч татвар төлөгч хэвээр байлгах, гадаадын өндөр орлого бүхий хүмүүсийг байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгэх болон татварыг нь улсдаа үлдээхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд манай улс ч энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинээр орсон 5.3.2 дахь заалт болон 5.4 дэх хэсэг нь уг бодлогын эсрэг гэж үзэж болохоор зохицуулалт болжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр заалтыг ашиглан “гадаадын болон дотоодын компани хооронд байгуулсан гэрээнд Монголд ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний цалинг бүхэлд нь эсвэл 50-иас дээш хувийг нь гадаадын компаниас олгох заалт оруулах, тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний ажил, амралтын хугацааг оновчтой болгох шийдлээр халхавчлан үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол Улсад байх хугацааг 183 хоногоос бага байхаар зохицуулсан /ингэж зохицуулах боломжтой/ тохиолдолд ялангуяа оршин суугч бус татвар төлөгчдөөс Монгол Улс татвар авч чадахгүй болох нөхцөл бүрдсэн байна. 2018 онд оршин суугч бус татвар төлөгчдийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогын хэмжээ 150.0 гаруй тэрбум төгрөгт хүрч, түүнээс 30.0 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрсөн байна. Түүнчлэн Орлого ба хөрөнгийн татварын загвар конвенци болон Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газартай байгуулсан Давхар татварын гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтын а-д “Байнга амьдардаг орон гэр нь хэлэлцэн тохирогч аль улсад байгаагаар нь тэр улсад байнга оршин суугч гэж тооцно. Хэрэв хувь этгээд нь хэлэлцэн тохирогч 2 улсын аль алинд нь байнга амьдардаг орон гэртэй бол Хэлэлцэн тохирогч аль улсад түүний хувийн ба эдийн засгийн харилцаа (язгуур эрх ашгийн төв) нь илүү ойр дөт байгаагаар нь тэндхийн байнга оршин суугч гэж тооцно” гэж заасан байдаг бөгөөд хувийн ба эдийн засгийн харилцаа (язгуур эрх ашгийн төв) гэдэгт тухайн хүний гэр бүл ба нийгмийн харилцаа, ажил эрхлэлт, улс төрийн, соёлын буюу бусад үйл ажиллагаа, түүний аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг газар, өмч хөрөнгөө захиран зарцуулдаг газар зэргийг хамааруулан үздэг болно. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээ /Давхар татварын 26 гэрээ/-нд ийнхүү заасан байтал Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд байнга оршин суугчийг тодорхойлох гол шалгуур болсон “орон байртай байх” шалгуурыг хасаж, хэлэлцэн тохирогч 2 улсад “орон байртай байх” байх тохиолдолд хэрэглэдэг хувийн ба эдийн засгийн харилцаа (язгуур эрх ашгийн төв) шалгуурын нэг болох “ажил эрхлэлт, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг газар”-тай холбоотойгоор бий болдог албан татвар ногдох орлогын 50 болон түүнээс дээш хувийг Монгол Улсад олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого эзэлж байх асуудлыг байнга оршин суугчийг тодорхойлох гол шалгуур болгосон нь олон улсад хүлээн зөвшөөрч мөрддөг зарчмыг гажуудуулсан эрх зүйн зохицуулалт болсон байна.

Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн оршин суугч татвар төлөгчийг тодорхойлох нэг гол шалгуур болсон “Монгол Улсад оршин суух байртай” байх шалгуур байхгүй болсонтой холбоотойгоор гадаадад олон жил амьдарч байгаад эх орондоо суурьшин амьдрахаар эргэж ирсэн Монгол Улсад оршин суух байртай Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгэн адил 20 хувиар татвар төлөх шаардлагатай тулгарч болохыг анхаарах нь зүйтэй юм.

  1. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн агуулгад анхаарч, оршин суугч бус татвар төлөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суусан хугацааг түүний Монгол Улсын хилээр анх орж ирсэн өдрөөс эхлэн 183 дахь өдөр хүртэл, байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суусан хугацааг Монгол Улсад оршин суусан 183 дахь өдрөөс хойш тоолж албан татвар ногдуулах хугацааг тодорхойлох зохицуулалтыг хуульд оруулж өгөх шаардлагатай байна.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин