ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагджээ

 Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр (2019.05.14) мэдээллээ.

Шинэ журманд төрийн өндөр аллбан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан гэдгийг тэрбээр онцоллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн журамлажээ.


 Мөн журманд ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог зохицуулалтыг болиулсан гэнэ. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгох аж. ЖДҮХС-гийн зээл олгох төслийг сонгон шалгаруулахдаа эхлээд олон улсын байгууллагын аргаар нарийвчилсан үнэлгээ хийнэ. Дараа нь газар нь магадлан хянах юм байна. Төслийг сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөлөл байна.

Үүнээс гадна шинэ журманд дараах зүйлсийг тодорхой заажээ. Тухайлбал:

-Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.


-Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй бол төслийн сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүй.


-ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулна.


-ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авна. Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно.


Шинэ журам өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлж байна. ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин