С.Жавхлан гишүүн хэрэгт холбогдсон гишүүдийг сонгуульд оруулахгүй байх анхны хуулиа өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хугацаан дахь анхныхаа хуулийн төслийг санаачилсан. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Санаачилсан хуулийн төслийнхөө үндэслэлийг тайлбарлахгүй юу?
-Хуулийн төслөө УИХ-ын хаврын чуулганы нээлтээр өргөн барьсан. Ямар нэг байдлаар мөнгө санхүүгийн зөрчил гаргаж хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа, тэр дундаа оффшор данс нээсэн, холбогдсон мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн луйвартай холбогдсон, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зувчуулсан зэрэг гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг дахин сонгуульд оруулахгүй байхыг хоёр хуулийн заалтаар оруулж ирсэн. УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт заалт оруулсан.
Хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн, 30 хоногийн хугацаа нь үргэлжилж байна
-ЖДҮХС гээд ярихаар энэ удаагийн УИХ-ын гишүүдийн нэлээд нь нэр холбогдсон гэхээр таны хуулийн төслийг хэлэлцэх болов уу.
-С.Жавхлангийн санаачилсан анхны хуулийг гишүүд хэр дэмжихийг харъя. Иргэдийн дэмжлэг хүчтэй байна. Энэ хүмүүс амьдралын зөв зам зарчимдаа үнэнч байх эсэх яригдана даа.
-Гишүүдтэй хариуцлага тооцох талаар ярьж байна. Гэтэл ЖДҮХС-тай холбогдсон гэсэн үндэслэлээр Засгийн газрыг унагах санал дээр та авч үлдэнэ гээд саналаа өгчихсөн шүү дээ.
-Миний тухайн үед хэлж байсан яриаг дахиж сөхөж үзээрэй. Тэнд би утга уялдааг нь маш сайн хэлсэн. Дахин сийрүүлж үзээрэй.
-Хариуцлагыг хөөж явуулснаар бус энд нь үлдээж тооцно гэж хэлж байсан.
-Яг тийм.
-Тэгэхээр таны хуулийн төсөлтэй зөрчилдөж байгаа юм биш үү.
-Хариуцлага тооцохгүй гээд яах юм. Байгаад л байх хэрэг үү. Энэ хүмүүс хуулийн төслийг батлах уу яах нь уу харж л байя. С.Жавхлангийн хуулийг хэлэлцэхгүй гээд хойш нь шидэх нь үү яах нь уу харъя. Хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн, 30 хоногийн хугацаа нь үргэлжилж байна. Тавдугаар сарын 6-нд олон нийтэд хэлэлцүүлэг маягаар гаргах 30 хоног нь дуусахаар УИХ-ын даргад өргөн баригдах байх. Үүний дараа УИХ хэлэлцэх эсэхийг шийднэ. Энэ нэлээн өрнөнө шүү.
-Таны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ таны анхны санаачилсан төсөл. Дахин хуулийн төсөл санаачлах уу?
-Байна аа, тэрийг тухайн үед нь би яриад хэлээд явна. Эхнийхээ зүйлийн үр дүнг үзээгүй байж дараагийнхыгаа задлах хэрэггүй байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ