Ерөнхийлөгч Х.Баттулга “Чулуун шастир” үзэсгэлэнг нээж үг хэлэв

Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” студитэй хамтран “Чулуун шастир” нэртэй үзэсгэлэнг энэ сарын 7-ны өдрийг хүртэл дэлгэж байна.

ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: 

Амгалан байцгаана уу?

Хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлж, жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Бичиг үсэг бол үндэстний түүх, өв соёлыг үеэс үед дамжуулагч, тээгч нь бөгөөд сэтгэлгээний цар хүрээ, чадварыг илтгэн харуулдаг гайхамшигт дурсгалууд билээ.

Нийтийн тооллоос өмнөх 25 мянган жилийн тэртээгээс хүмүүс хад, чулуун дээр зурган мэдээлэл үлдээсэн нь урлагийн сонирхолтой баримт төдийгүй бичиг үсгийн түүхийн эхлэл юм байна. Бичиг үсэг нь Зураг бичиг, Утга бичиг, Авианы бичиг зэрэг түүхэн үе, хэлбэрүүдийг дамжсан байна.

Монгол нутгаас бичиг үсгийн бүхий л хэлбэр, дурсгалууд арвин олддог.  Манай нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн тэр дундаа хүний хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн гэсэн үзлэг тооллогын дүн гарсан байна.

Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн чулуун судар шастирын дурсгалуудаар уран бүтээлчид, судлаач эрдэмтэд Чулуун шастир үзэсгэлэн гаргасныг нээхээр Та бид хуран цуглаад байгаа билээ. Үзэсгэлэнд тавигдсан дурсгалуудаас заримыг цохон дурдмаар байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Шаахар хэмээх газраас олдсон хадны зураг дурсгал байна. Аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагыг тодорхой дүрсэлсэн нэн чухал үзмэр. Энэ хадан дээр эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Онцлон үзэх дүрслэл нь олуулаа ан хийж буй анчид. Тэд бүгд монголын уламжлалт юүдэн малгай өмссөн байгаа нь цэрэг эрс агаад нүүдэлчдийн соёл одоог хүртэл тасраагүйг илтгэх бололтой. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан, цаашид судалгаа хийх арвин өгөгдөлтэй дурсгал юм.

Энд мөн Аргун хаанаас Францын Гоо Филипп ванд илгээсэн захидал байна. Аргун хаан бол Их Монгол улсын баруун хэсэг Ил хаант улсын дөрөв дэх удирдагч байсан. Ойрх Дорнодод Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах санаагаа илэрхийлж Францын хаанд захидал илгээсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тоиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийг далимдуулаад нэгэн зүйл захихад хүүхэд багачууд гэлтгүй иргэд маань эх түүх, соёлынхоо дурсгалд хүндэтгэлтэй хандаж, хадны зураг бичээсийг эвдэн сүйтгэхгүй байх, хайрлан хамгаалах, хадгалан үлдээх сэтгэл, танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаарай гэж хүсье. Бидний түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах  хүн байхгүй билээ.

Ингээд “Чулуун шастир” үзэсгэлэнг таалан үзэхийг урьж байна.

Баярлалаа та бүхэнд” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн хүмүүстэй хамт бүтээлүүдийг үзэж сонирхов.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин