Н.Алтанхуяг: С.Эрдэнэ ээ би чамайг дэндүү сайн мэднэ, чамайг зайлуулнаа
АН-ын Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос шийдвэр гаргаж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан билээ. Түүнийг намын дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн шалтгаанаар намаас хассан юм.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр (2019.05.01) мэдээлэл хийлээ. Түүнийг намын байр зарсан, намын хөрөнгөөр машин авсан хэмээн буруутгаж буй. Үүнийг Н.Алтанхуяг гүтгэлэг хэмээн мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдлээ.
Үүнээс гадна тэрбээр АН-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Н.Алтанхуяг:
-“Ардчилсан нам улс орны хөгжил, бодлого, ард түмний амьдрал ахуй ярихаа больсон. Энэ тухай ярихаараа 60 тэрбум, 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Гэхдээ үүнийг АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан нөхөд. Тэд АН-ын нэр хүнд, олон мянган гишүүний итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө АН-д нэгдсэн олон мянган гишүүд ийм зүйлийг дэмжихгүй” гэдгийг хэллээ. Мөн АН-ын удирдлага АН-ыг нам биш болгож буйгийн хоёр жишээг дурдав.
МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемыг АН-д хийж байна. Энэ бол шившиг, гутамшиг. Зөвхөн АН-ын залуучуудын холбооны даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөх үнэлгээ 15-20 сая төгрөг. Ийм нам Монголд байтугай дэлхийд байхгүй. Энэ бол манай Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын сүлжээ болсон. Ингэж ажиллахгүй.
Намаас хасдаг хөөдөг болсон. Ж.Батзандан, Л.Болд хоёр зөв байр суурь илэрхийлсэн. Тэр хоёр С.Эрдэнийн байр сууриас зөрсөн учраас намаас хөөсөн. Тэр хоёрыг хөөгөөд бүлэггүй болсон, хэнд ашигтай юм бэ. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ гуравт л ашигтай. С.Эрдэнэ ээ, би чамайг дэндүү сайн мэднэ дээ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалаад юу хийлгээд байгааг нь ард түмэн ч мэддэг болж. С.Эрдэнэ ээ, чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болио. Хүн гүтгэдгээ болио. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга, чамайг зайлуулна аа” хэмээн тэдэнд анхааруулга өглөө.
Тиймээс экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын жирийн гишүүдэд хандлаа. Тэрбээр өөртөө нь нэгдэж нийлэх хүн байвал хүрээд ир гэж уриаллаа. Энэ тухай тэрбээр “Бид нэг С.Эрдэнэ байтугай 1990 онд Монголын нийгмийг яаж өөрчилсөн билээ. Өөрчилье, нэгдье, нийлье. Хулгайч дээрэмчдээр удирдуулж, тэдний дохио зангаагаар хөдөлдөг цаг хоцорсон” гэж уриалав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ