Эзэн хааны нутаг дээр эрэгчин эмэгчнээ үзэлцье гэвээ..
Орондоо унтах завгүй олзлолдон тэмцэлдэж байсан 13-р зууны эхэн үеийн ханлигууд лугаа нам бүлэглэл болж хэмлэлдэн хэмхэлдэж байдаг улс төрийн намуудын нөхдүүд Улаанбаатараас Хэнтийн зүг удахгүй хүлгийн жолоо залах бололтой.
Ардчилсан намын өчигдөр болсон Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэрээ баталгаажуулжээ.
Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ. Ирэх зургаадугаар сарын 30 ны өдөр болох энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох чухал сонгууль болно" хэмээн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ айлджээ.Тэрбээр үзэл баримтлалаа таниулах үндэсний аянг эхлүүлэхээ мэдэгдэв.
МАН-ын IV бага хурал ч болж өндөрлөлөө. Бага хурлаар Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт МАН оролцох саналаа нэгтгэсэн байна. Мөн УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн тайлангаа сонсоод авчээ. Ийнхүү УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн намууд, холбогдох материалаа өнөөдөр хүргүүлнэ.
Наадмаар зүйрлэвээс нам улс төрийн 2020 оны сонгуулийн өнгийг харуулчих гээд байгаа энэ сонгууль "их юм" хэлж мэдэхээр болчихоод байгаа юмуу даа. Барилдахаасаа таахалзах нь их гэгчээр яваад л байсан хоёр том намын нэр дэвшигчидийг хүмүүжилгүй, боловсролгүй гэсэн шалтгаанаар хэдэн ч удаагийн сонгуульд оролцож чадаагүй дэндүү урт "уягдсан" урт шар дээлтэй ах нь хүлээж байгаа. Тэрбээр яг л Эзэн хааны нутаг дээр эрэгчин эмэгчнээ үзэлцье гэсэн мэт хүлээж байгаа бол АН, МАН хоёр ч өчигдөрхөн ар араасаа шийдвэр гаргасан нь ийнхүү реитингээ үзэхээ нэгэнт шийдээд, "тэгье үзэлцье" гэдгээ мэдэгдэв бололтой. МАН-ы хувьд У.Хүрэлсүхийг л сойхгүй бол бусад нэр дэвшигч явахгүй болчихоод байх шиг. Ил цагаан яаран зарлахгүй байгаагаас үзэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх нь нэгэнт тодорхой болж байна. АН-ын хувьд Хэнтийн засаг асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээ өчигдөрхөн мэдэгдсэн. Ийнхүү бараг үргэлж шахуу хэрэлдэн хэмхэлдэж байдаг улс төрийн намууд эзэн хааны нутаг дээр эрэгчин эмэгчнээ үзэлцье гэвээ..
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ