2019 онд Европын урлагийн ертөнцөд тохиож буй 9 тэмдэглэлт үйл явдал


Европын урлагийн ертөнцөд энэ жил Анри Матиссын мэндэлсэн өдөр, Леонардо Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ой, Прадо музейн үүсгэн байгуулагдсан ойн баяр зэрэг хэд, хэдэн тэмдэглэлт өдрүүд тохиож байна. Хэрэв та зуны амралтаараа хаашаа аялахаа шийдэж амжаагүй байвал дэлхийн суут уран бүтээлчидтэй холбоотой доорх газруудад очиж үзэн, урлагийн мэдрэмжээ хөгжүүлж, мэдлэг оюунаа тэлээрэй.

Леонардо Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ой

2017 онд Christie's дуудлага худалдааны ордон Леонардо Да Винчигийн "Ертөнцийг аврагч" хэмээх бүтээлийг дуудлага худалдаанд оруулж, рекорд тогтоосон үнээр зарсан билээ. Хэрэв та санаж байгаа бол Флоренцын алдарт уран бүтээлчийн уг уран зураг 450 сая ам.доллараар зарагдаж, өнөөдрийн байдлаар хувийн цуглуулгад орсон Леонардо Да Винчигийн цор ганц бүтээлд тооцогдох болжээ. Хэдийгээр хоёр жилийн турш энэхүү уран зургийг өөрийн болгосон эрхмийн нэрийг нууцалж байгаа ч The New York Times сонин Саудын Арабын хунтайж Бадр бен Абдулла бен Мухаммед бен Фархан Аль Сауд асар өндөр үнэ хаялцан "Ертөнцийг аврагч"-ийг худалдан авсан хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү бүтээлийг Леонардо Да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ойд зориулж Абу Даби дахь Луврын музейн салбарт олон нийтийн өмнө дэлгэх байсан ч, үзэсгэлэнг тодорхойгүй шалтгааны улмаас ямар ч тайлбар хийлгүй цуцалжээ. Одоо уг зураг хаана байгааг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Магадгүй урлагийн ертөнцийн хамгийн өндөр үнэтэй бүтээл ор сураггүй алга болсон бололтой.Гэсэн хэдий ч үүнээс үл хамааран Парис хотын Луврын музей суут уран бүтээлчийн таалал төгссөний 500 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний үзэсгэлэнд зориулан уг зургийг олон нийтэд дэлгэхээр төлөвлөж байгаа аж. Францаас гадна Их Британид их мастерын уран бүтээлүүдийг нэгэн зэрэг 12 хотод тавдугаар сарын 6 хүртэл дэлгэж тэмдэглэх болно. Мэдээж хэрэг түүний өдрийг төрөлх Италид ч мартсангүй. Энэ дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн Флоренц хотноо "Leonardo da Vinci. Anatomies: Machines, Human Body, Nature" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ. Хэрэв та Флоренц хотод очихоор төлөвлөсөн бол Винчи нэртэй жижиг тосгоноор дайраад гараарай. Флоренцоос автомашинаар хүрэхэд ердөө л нэг цаг орчим хугацааг зарцуулна. Леонардо Да Винчигийн төрсөн уг тосгонд "Leonardino" нэртэй музей үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эндээс алдарт уран бүтээлчийн амьдралын талаарх сонирхолтой баримтуудыг олж мэдэх болно.

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"Mona Lisa", 1503, Louvre Museum, Paris

Том Питер Брейгелийн таалал төгссөний 450 жилийн ой

Фламандын уран бүтээлчийн таалал төгссөн өдрийг тохиолдуулан Брюссель дахь Бельгийн хатан хааны номын санд есдүгээр сарын 15-наас эхлэн "The World of Bruegel in Black and White" нэртэй түүний сийлбэрүүдээс бүрдсэн асар том үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна. Харин зургаадугаар сараас эхлэн Халлепорт музей XVI зуун руу виртуал аялал хийхийг санал болгож байгаа бол Майер ван ден Берг музей "Dulle Griet" бүтээлийг сэргээн засварлаж харуулахаар болсон байна. Мөн задгай тэнгэрийн доор орших Bokrijk музей The World of Bruegel нэртэй үзэсгэлэнг дэлгэнэ. Уг үзэсгэлэнгийн онцлог нь зохион байгуулагчид хүмүүсийг гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьсанд байгаа юм.

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"Landscape with the Fall of Icarus", 1558, Royal Museums of Fine Arts of Belgium, Brussels

Рембрандтын таалал төгссөний 350 жилийн ой

Нидерландууд Рембрандт болон Алтан үеийн бусад төлөөлөгчдөд бүтэн жилийн туршхүндэтгэл үзүүлэхээр болжээ. Тухайлбал Амстердам дахь Рейксмюсеум музейд хоёрдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 10 хүртэл алдарт уран бүтээлчийн 22 уран зураг, 60 хар зураг, 300 сийлбэрийг дэлгэх болно. Энэ нь Нидерландын алдарт уран бүтээлчийн бүтээлүүдийг нэг дор дэлгэж байгаа хамгийн том үзэсгэлэн болсноороо онцлогтой. Ирэх намар тус музейд дахин нэг үзэсгэлэн зохион байгуулагдана. Гэхдээ энэ удаад Рембрандтын бүтээлүүдийг Диего Веласкес болон Шинэ үеийн бусад суут уран бүтээлчдийн бүтээлүүдтэй нэгтгэн харуулах юм. Харин Гааг хот дахь Маурицхёйс галерейд есдүгээр сарын 15 хүртэл түүний дахин 18 бүтээлийг дэлгэхээр болсон байна. Тэгвэл Лейден хотын Museum de Lakenhal залуу Рембрандтын амьдралд зориулсан үзэсгэлэнгээр дамжуулан түүний уран бүтээлийн эхэн үеийг харуулах болно.

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"The Nightwatch", 1642, Rijksmuseum, Amsterdam

Лихтенштейн үүсгэн байгуулагдсаны 300 жилийн ой

Швейцари болон Австрийн хил дээр байрлах бяцхан улс энэ жил үүсгэн байгуулагдсан 300 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ чухал үйл явдлыг тохиолдуулан Лихтенштейний үндэсний музей маш том үзэсгэлэн нээхээр бэлдэж байгаа бол тус улсын хааны гэр бүл Фюрстенгассын ордон дахь "авдраа уудлан" дэлхийн хамгийн шилдгүүдийн нэгт тооцогддог хувийн цуглуулгаа олон нийтэд харуулах болно. Гэхдээ эхлээд цуглуулгыг Венийн Альбертины музейд дэлгэх бөгөөд үзэгчид энд Сэргэн мандалтын үеийн бүтээлүүдийг зургаадугаар сарын 10 хүртэл үзэх боломжтой. Үүний дараа ховор бүтээлүүдийг Лихтенштейний урлагийн музей рүү шилжүүлэн, 2020 оны нэгдүгээр сар хүртэл олон нийтэд нээлттэй болгоно.

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"Mars and Rhea Silvia", 1620, Peter Paul Rubens

Прадогийн музейн 200 жилийн ой

Мадридын Прадо музей 200 жилийн ойгоо цуврал үзэсгэлэн гаргаж тэмдэглэх гэж байна. Хамгийн эхний үзэсгэлэн "Алхаж буй хүн" хэмээх алдарт уран баримлыг бүтээсэн уран барималч Альберто Жиакометтид зориулагдсан байгаа. Үзэсгэлэн долоодугаар сар хүртэл үргэлжилнэ. Хоёр дах үзэсгэлэнд бид Фра Анжелико болон бусад Шинэ үеийн өвөг дээдэс болсон уран бүтээлчдийн уран зургаар дамжин Флоренцын сэргэн мандалтын үед нэвтрэх болно. Эдгээр үзэсгэлэнгүүдийг есдүгээр сарын дунд хүртэл үзэх боломжтой. Эцэст нь Прадо музей Испанийн уран зургийн бахархал болсон Веласкес болон Алтан үеийн бусад зураачдын бүтээлүүдийг дэлгэхээр төлөвлөж байна. IV Филипп хааны хамгийн шилдэг уран зураачийн 61 бүтээл Испанийн нийслэлийг зориг хангалттай шалтгаан биш гэж үү?

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"Las Meninas", 1656, Diego Velazquez

Густав Кюрбе мэндэлсний 200 жилийн ой

Францын реалист Густав Кюрбегийн төрсөн өдрийг түүний төрөлх Орнан ёслол төгөлдөр хот тэмдэглэж байна. Уг хотод түүний дурсгалд зориулсан Густав Кюрбе нэртэй музей үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энд 400 тогтмол үзвэрүүдээс 60 бүтээл нь алдарт зураачийн бийрээс амилсан байгаа. Түүнчлэн Орнанд түүний гэр бүлийнхээ хамт амьдарч байсан байшин болон урлан нь хадгалагдан үлджээ. Алдарт уран зураачийн төрөлх хот оршдог Франш Конте мужид хүрэлцэн ирсэн хүмүүст Луйе хөндийд заавал очиж үзэхийг аяллын хөтчүүд зөвлөдөг. Учир нь эндхийн ер бусын үзэсгэлэнтэй хавцлууд, уулын горхинуудыг домогт зураач өөрийн бүтээлүүддээ нэг бус удаа буулгасан байдаг.

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"A Burial At Ornans", 1850, Musée d'Orsay, Paris

Жон Рёскин мэндэлсний 200 жилийн ой

Английн уран бүтээлч Жон Рёскиний төрсөн өдрийг зөвхөн түүний төрөлх Брентвуд ч биш бүх Англи даяар тэмдэглэхээр болжээ. Жишээ нь түүний дурсгалд зориулсан Лондон хотын үзэсгэлэн хэзээ мөдгүй хаагдах гэж байгаа бол Шеффилдэд алдарт уран бүтээлчийн уран зургууд болон эрдэс чулууны цуглуулгыг (Рёскин геологи сонирхдог байсан) есдүгээр сар хүртэл үзэж сонирхож болно. Мөн саяхан Йоркийн галерейд Рёскины хар зураг болон усан будгийн зургуудаас бүрдсэн үзэсгэлэн нээгдсэн байна. Уг үзэсгэлэнд мөн Рёскины бүтээлээс гадна Францын анхдагч импрессионистуудын нэг болох Уильям Тернерийн уран бүтээлүүдийг үзэж болно. Сонирхуулахад Жон Рёскин түүнийг "бүх цаг үеийн хамгийн агуу уран бүтээлч" хэмээн өргөмжилсөн байдаг юм.

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"Amboise", 1841

Анри Матисс мэндэлсний 150 жилийн ой

1869 оны арванхоёрдугаар сарын 31-нд фовист Анри Матисс энэ хорвоод мэндэлсэн байдаг. Францууд ч мөн алдарт уран бүтээлчийнхээ төрсөн өдөрт маш их ач холбогдол өгч байгаа нь гарцаагүй. Түүний амьдралынхаа сүүлийн жилүүдэд ажиллаж, амьдарч байсан Ницца хотод Анри Матиссын нэрийн музей байрладаг. Хэрэв таны аяллын төлөвлөгөөнд Францын Өмнөд эрэг багтаагүй бол Парис хотын Орсэ музейд зочлоод үзээрэй. Тэнд гуравдугаар сарын 26-наас эхлэн "Black Models: From Gericault to Matisse" нэртэй үзэсгэлэн дэлгэгдэж байгаа. Сонирхуулахад энэ жил үзэсгэлэнгийн кураторууд дэлхийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэрийг түр хугацаанд өөрчилж, уран зургуудад дүрслэгдсэн өнгөт арьст баатруудын нэрээр нэрлэж байгаа аж. Жишээ нь Манегийн алдарт "Olympia" бүтээл уран зурагт дүрслэгдсэн нүцгэн хэвтэж буй гол дүрийн бүсгүйн ард зогсож байгаа өнгөт арьст зарц эмэгтэйн нэрээр "Laura" хэмээн нэрлэгдэх болжээ.

  • 01
  •  
  • /
  •  
  • 05

"Woman with a Hat", 1905, San Francisco Museum of Modern Art

Огюст Ренуарын таалал төгссөний 100 жилийн ой

Европын урлагийн түүхэнд тохиож буй бас нэгэн чухал үйл явдал бол импрессионист "школын" хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг болох Огюст Ренуарын таалал төгссөн өдөр болж байна. Бид танд Парис хотод Монмартрын музейн дэргэд байрлах Ренуарын цэцэрлэгт хүрээлэнд очиж үзэхийг санал болгож байна. Ренуар Монмартрт ердөө хоёр жил орчим амьдарсан ч энэ хугацаандаа "Bal du moulin de la Galette", "The Swing" зэрэг өөрийн хамгийн алдартай бүтээлүүдээ зурсан байдаг. Харин алдарт уран зураачийг оршуулсан Шампань мужийн Эссуа хотод маш олон цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ вебсайт дээр Франц хэл дээр унших боломжтой. Харин алдарт импрессионистийн үнэнч шүтэн бишрэгчид Ренуарын маршрутаар аялж болно. Гэхдээ хэрэв та түүний уран бүтээлүүдтэй төдийлөн сайн танилцаж амжаагүй бол Орсэ музейг итгэлтэйгээр зориорой. Галт тэрэгний буудлаас галерей болон хувирсан онцгой барилгын шилэн дээвэр дор импрессионист уран бүтээлчдийн гайхалтай бүтээлүүдийг дэлгэсэн байгаа шүү!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ