ОУВС-гаас орж ирэх санхүүжилт 400 сая доллараар тасарчээ
Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад хоёр жил орчим болж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах юм. Гэсэн ч 2018 онд орж ирэх санхүүжилтийн 400 сая ам.доллар орж ирээгүй аж. Тодруулбал, ОУВС болон бусад донор байгууллагаас 2017, 2018 онд нийт 970 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр байсны 400 сая нь тасраад байна. Энэ Дэлхийн банк, Япон улсын Засгийн газраас орж ирэх ёстой санхүүжилтийн тодорхой хэсэг аж. Эдгээр санхүүжилтыг 2019 оны эхний улиралд ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар шийдэхээр хүлээгдэж байгааг албаныхан хэлж байна.
Анх донор орнуудаас Азийн хөгжлийн банк 900, БНСУ 500, Дэлхийн банк 600, Япон улс 850 сая ам.долларын санхүүжилт олгохоор амлаж байсан ч санхүүжилт нь ийн удааширч байгаа аж. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгогдох 5.5 тэрбум ам.долларын хоёр тэрбум нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээр. Харин ОУВС-гаас 314.5 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгохоор болсон юм. Ингэхдээ эхний таван жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн хоёр хувиас доош хүүтэй байхаар тохиролцсон. Гэвч үүний тодорхой хэсгийнх нь санхүүжилт хийгдээд байна.
Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, хоёр хувиас доош хүүтэй/ амласнаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулах аж
Мөн Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл /15 жилийн хугацаатай, хоёр хувиас доош хүүтэй/ амласнаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулах аж. Эдгээрээс гадна Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэхээр тохирсон юм.
Манай улсын эдийн засаг өсч байгаа ч иргэдийн бодит амьдралд төдийлэн наалдахгүй байгаа. Засгийн газар ОУВС-тай хийсэн хэлэлцээнийхээ эсрэг нийгмийн халамжийг нэмэх гэх мэтээр ажиллаж байгаа нь санхүүжилт гацахад хүргэсэн гэх. Хэдийгээр улсын төсөв ашигтай гарч буй ч цалин тэтгэвэр нэмэх, хүсэлт гаргасан хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг олгох зэрэг шийдвэр нь ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарсан алхам болж буй. Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжиж, 2020 оны хавар дуусахаар төлөвлөсөн ч эдийн засаг сэргэж, хүндрэлээс гарвал хугацаанаасаа өмнө “цуцлах” эрх манай талд бий. Гэхдээ манай эдийн засаг эмзэг хэвээр байна. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч үүнийг дагаад төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэж, гадаад худалдааны эргэлт сайжирч буй. Үүний хажуугаар ОУВС-гийн хөтөлбөрөө үргэлжлүүлж эдийн засгийн хүндрэлээс гарах ялангуяа валютын нөөцөө нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулах, барих шаардлага тулгарсаар байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ