Урт настнуудын тухай гайхалтай баримтууд
Олонхи хүн 100-120 наслаж чадна хэмээн олон эрдэмтэн нотлодог. Гэхдээ бид өөрсдөө амьдралын эрүүл бус хэв маягаараа энэ хугацааг богиносгодог.
Италид Аччароли гэдэг нэгэн тосгон байх бөгөөд эндхийн 300 орчим оршин суугч зуун насны босго нэгэнт давсан нэн сонирхолтой баримтаараа эрдэмтдийн анхаарлыг татдаг байна. Ингэхдээ ийм өндөр насандаа ч тэдний олонхи нь ажлын чадвараа хадгалж, гэр орныхоо ажлыг өөрсдөө амжуулдаг ажээ.
1635 оны арваннэгдүгээр сарын 15-нд Лондоны Вестминстерийн католиг шашны сүмд жирийн тариачин Томас Паррыг оршуулж, тэгэхэд тэр 152 настай байсан гэдэг. Парр 130 нас хүртлээ газар тариалангийн ажил эрхлэдэг байжээ. Нас барахынх нь өмнөхөн ван нэгдүгээр Карл түүнийг өргөөндөө урьжээ. Хаан түүнийг ихэд дайлж цайлсан гэнэ. Тийнхүү их хоол идсэн нь түүний үхлийн шалтгаан болсон байх гэцгээдэг аж. Гэхдээ Томас Парр үнэхээр 152 насласан гэдэгт эргэлзэх зүйл бий. Түүний төрсөн он, сар, өдрийг нотлох ямар ч баримт хадгалагдаж үлдээгүй байна.
Японы Окинава арлыг урт настнуудын арал хэмээн зүйл ёсоор нэрлэдэг. Эндхийн 100 мянган оршин суугч тутмаас 35 нь 100-гаас дээш настай ажээ. Окинава арлын оршин суугчдын урт насладаг нууц нь зөв хооллож, тогтмол биеийн ачаалалтай байдагт оршдог байна. Харин тэд гарч байгаа шинэ өдөр бүрт зүгээр л баярлаж чаддаг хэмээн урт настнууд өөрсдөө ярьдаг байна.
197 насласан Чинг-Юн нас барсан тухай америкийн “Нью-Йорк таймс” сонин 1933 онд бичиж байжээ. Тэр 23 удаа эхнэр авч, тэднээс 180 хүүхэд төрүүлсэн гэдэг. Чинг-Юн цагаан будаа идэж, дарс уудаг байжээ. Сэтгүүлчдийн бичиж байснаар, тэр хөдөлгөөнтэй, гэхдээ сэтгэл санаагаар үргэлж тайван байж чаддаг байсан гэнэ.
Гүржийн оршин суугч эмэгтэй Антиса Хвачава өөрийнх нь насыг нотлосон албан ёсны баримт бичигтэй байжээ. Тэрээр 1880 онд Сачино тосгонд төрж, 132 наслаад, 2012 онд мөн тэндээ нас барсан байна. Тэр цайны тариалангийн талбайд олон жил ажиллаж, харин 85 настайдаа л тэтгэвэрт гарчээ.
Эрүүл аж төрөх ёс баримтладаг хүмүүс 100 болон түүнээс дээш наслах магадлал илүүтэй байдаг нь мэдээж. Гэвч тэр бүр тийм байдаггүй аж.
Ирландын Браун гэгч хүний тухай домог яриа байдаг. Тэр 120-тойдоо нас барж, тэгээд булшныхаа хөшөөн дээр “Тэр үргэлж согтуу явдаг, энэ үедээ ёстой аймшигтай, үхэл ч түүнээс айдаг байсан”хэмээн бичихийг хүссэн гэдэг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ