Өглөгч тэрбумтан Эндрю Карнегийн амжилтад хүрсэн түүх


“Хүн амьдралынхаа эхний хагаст мөнгө цуглуулж, харин үлдсэн хугацаанд цуглуулсан мөнгөө тараах ёстой”

Эндрю Карнеги

Карнеги гэхээр Монголд хүмүүсийн харилцах урлагийн талаар бестселлер номууд бичсэн сэтгэл зүйч Дейл Карнегийн нэр юуны түрүүнд санаанд буудаг. Харин Дейл Карнеги латинаар Carnegey гэж бичдэг овгоо 1922 онд гэнэт хур баян бизнесмен Эндрю Карнегийнх шиг Carnegie болгон өөрчилснийг тэр бүр мэддэггүй. Алдарт сэтгэл зүйч дэлхийд брэнд болоод байсан Carnegie нэрийг ийнхүү маркетингийн зорилгоор “зээлдэн” амжилтад хүрсэн билээ.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өглөгч тэрбумтан хэмээн алдаршсан Эндрю Карнеги “Хүн амьдралынхаа эхний хагаст мөнгө цуглуулж, харин үлдсэн хугацаанд цуглуулсан мөнгөө тараах ёстой” гэж хэлсэн нь бий. Тэрээр мөнгө цуглуулахдаа ч, мөнгө тараахдаа ч гарамгай нэгэн байжээ.

Шотландын жижигхэн хот Данфермлайн; 1835 оны арваннэгдүгээр сарын 25-нд нэхмэлчдийн гэр бүлд төрсөн Эндрю Карнеги наймхан настайдаа туулай үржүүлэн бизнесийн ертөнцөд хөл тавьж эцэг эхдээ дэм үзүүлэх болжээ. 1848 онд гэр бүл нь АНУ-руу цагаачилж Пенсилвани мужийн Питтсбург хотноо суурьшихад 13 настай Эндрю хүү нэхмэлийн үйлдвэрт долоо хоногийн 1.20 долларын хөлстэй ажилд орж төдөлгүй үйлдвэрийнхээ уурын зууханд долоо хоногийн 2 долларын цалинтай галчийн ажилд дэвшин хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна.

Угаасаа шинэ юм хурдан сурдаг тэрээр цахилгаан мэдээ дамжуулж сураад Питтсбургийн цахилгаан холбооны газар ажиллаж байхад нь Пенсилваний төмөр замын Питтсбургийн салбарын дарга 18 настай түүнийг анзаарч, өөрийн хувийн нарийн бичгийн дарга, цахилгаан мэдээ дамжуулагчаар ажилд авчээ.  

Төмөр замын компанид албан тушаалын хурдан өсч дээшилсэн Эндрю Карнеги нэлээд мөнгө хуримтлуулад санхүүгийн салбарт өөрийгөө сорихоор шийдсэн байна. Нэгэн инженер Америкийн нэг захаас нөгөөд хүрэхэд төмөр замаар удаан явдаг тул чинээлэг иргэд тухтай амрахыг хүсдэг нь лав гээд унтлагын купенүүдтэй вагон үйлдвэрлэхийг санал болгожээ. Эндрю Карнеги тийм вагонууд үйлдвэрлэн өөрийн удирддаг чиглэлд явуулж эхлээд төмөр замын компанийн хувьцааны наймны нэг хувийг худалдан авсан аж. Төдөлгүй унтлагын вагоны хэрэгцээ эрс нэмэгдэн компанийн хувьцаа огцом өсөхийг дагаад залуу бизнесмений хөрөнгө ч хурдан арвижих болжээ.

30 нас хүрмэгцээ тэрээр удаан насгүй модон гүрнүүд металл хийцтэй гүрнүүдээр солигдохыг урьдчилж харан ган гүүр барьдаг “Keystone Bridge Works” компанийг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани үйлдвэрлэлээ эхлээгүй байхдаа л захиалгад дарагдаж эхэлсэн гэдэг. Улмаар нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэлд орж, 1875 онд гангийн үйлдвэр барьж, 1899 он гэхэд олон гангийн үйлдвэрүүдийг нэгтгэн дэлхийд кокс, ширэм, гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч аварга том “Carnegie Steel” компанийг үүсгэн байгуулжээ.



Гангийн магнат болсон Эндрю Карнеги хангалттай хөрөнгө хуримтлуулсан гэж үзээд 1901 онд компаниа санхүүч Жон Пирпонт Морганд 480 сая доллараар (одоогийн ханшаар 400 тэрбум шахам доллар) худалдан дэлхийн толгой баян болсон юм. “Хур баянаараа тэнгэрт халих хүн хамгийн шившигтэй” гэж хэлэх дуртай байсан тэрээр бизнесээс холдоод буяны үйлсэд мөнгөө зориулж эхэлжээ. Тэрээр буяны үйлсэд АНУ-д 288 сая, Англид 62 сая доллар тус тус зарцуулсан байдаг. Эндрю Карнеги өөрийн хөрөнгөөр 2.5 мянган гаруй номын сан барьж, шинжлэх ухаан, боловсрол, урлагийн салбарт харамгүй тусалжээ.

Түүнийг 1919 онд нас барахад өв залгамжлагчид нь асар их хөрөнгөөс “ердөө” 25 сая долларыг л өвлөн авсан гэдэг. Харин Эндрю Карнегийн байгуулсан төрөл бүрийн сан, олон нийтийн байгууллагууд өнөөг хүртэл буяны үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.   

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ