Кремлийн гэр бүл: Л.П.Бериягийн хүүхдүүдийн хувь заяа
Сталины улсыг аюулаас хамгаалах албаны тэргүүн хувийн амьдралдаа хүүхдүүдээ хайрладаг, халамжтай эцэг байсныг мэдэх хүн цөөн. Тэр хоёр хүүхэдтэй бөгөөд хүү нь хууль ёсны эхнэрийн, охин нь нууц амрагийнх нь хүүхэд байжээ.
Серго Берия (Гегечкори)
Лаврентия Берия, Нина Гегечкори хоёрын ууган хүү 1922 онд төржээ. Гэвч хүүхэд бие султай байсан учир, удаж төдөлгүй нас барсан байна.
Хоёр дахь хүү нь хоёр жилийн дараа төржээ. Эхлээд түүнийг Отар гэдэг байсан ч, удалгүй эцгийнх нь эртний анд Серго Оржоникизегийн нэрийг өгсөн байна.
Хүү хайранд умбаж өсчээ. Эцэг, эхээс нь гадна түүнийг үргэлж дэргэд нь байдаг байсан залуухан асрагч герман бүсгүй хүмүүжүүлсэн байна.
Эцэг, эх нь, ялангуяа аав нь түүнээс нэг их дутдаггүй байж. Ажил төрөл ихтэй байдаг ч, Лаврентий Павлович бяцхан Сергод цаг зав гаргаж, түүнд чөлөөтэй агшин бүрийг зориулдаг байсан байна.
Өвөл, зун өглөө бүр эцэг, хүү хоёр байшингийн задгай сүүдрэвчид гимнастик хийдэг байжээ. Лаврентий Павлович хүүхдээ түүх, эртний тууль, Гүржийн үлгэр, домогт дуртай болгон өсгөсөн байна.
Тбилисид Серго гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч байжээ. Энэ сургуульд орос, гүрж хэлний хичээлээс бусад бүх хичээлийг герман хэлээр заадаг байсан байна. Дээр нь сурагчид англи хэлийг нухацтай сурч байжээ.
Серго шаггүй сурлагатай хүүхэд байсан бөгөөд математик, физикт дуртай, радиотехник сонирхдог байсан байна. Хичээлийн завсраар спортоор хичээллэж, охидын сонирхолыг татдаг байж.
1938 онд тэднийх нийслэл Москвад шилжжээ.Саяхан аравдугаар анги төгссөн түүнийг эндэхийн Дотоод хэргийн ардын комиссарын газрын төв радиотехникийн лабораторид оруулсан байна.
1941 оны зургаадугаар сард арвандолоо настай залууг тагнуулын сургуульд авчээ. Харин гурван сарын дараа шинэхэн техникч-дэслэгч фронтод явсан байна.
Жанжин штабын даалгавраар Серго Берия Иран болон Хойд Кавказад тусгай даалгавар гүйцэтгэж байжээ. 1942 онд түүнийг Ленинградын цэргийн академид сургахаар явуулж, ингэхдээ сурч байх жилүүдэд нууц даалгавар гүйцэтгүүлэхээр нэг бус удаа явуулж байсан байна.
1946 онд одон тэмдэгт залуухан тагнуулч гэр бүлтэй болжээ. Пролетарийн их зохиолчийн ач охин, үзэсгэлэнтэй Марфа Пешкова түүний гэргий болсон байна. Залуусын хүссэн ёсоор гэр бүлийн нам гүмхэн хүрээнд хурим хийжээ.
1947 оноос 1953 онд Серго Берия зөвлөлтийн жолоодлогот пуужинт зэвсгийн системийн өлгий болох алдарт нэгдүгээр зохион бүтээх товчоонд ерөнхий инженерээр ажиллажээ. Энэ завсар тэрээр дэд эрдэмтэн, дөрвөн жилийн дараа докторын зэрэг хамгаалсан байна.
Серго Лаврентьевич хамт ажиллагсдынхаа дунд асар их хүндэтгэл хүлээдэг байж. Ааш зан сайтай сэхээтэн тэр өөрийн байр сууриар хэзээ ч түрээ барьдаггүй байжээ. Ингэхдээ маш сайн зохион байгуулагч, өөрийн ажилд үнэхээрийн дуртай нэгэн байж.
Сталиныг нас барж, Лаврентий Берияг албан тушаалаасаа буусны дараа бүх зүйл өөрчлөгджээ. Эцгийгээ баривчлагдсаны дараа Серго ч шоронд суугаад авчээ.
Түүний нэг жилийн дараа 1954 онд сулласан ч, Москвад үлдэхийг зөвшөөрөөгүй байна.
Хүүг эхийнх нь хамт Свердловскт цөлжээ. Энд физик-математикийн шинжлэх ухааны доктор Сергей Гегекори гэсэн өөр нэр, шинэ паспорттайгаар инженерийн ажилд орсон байна.
Сүүлд нь эрдэмтэн, зохион бүтээгч түүнийг Киев шилжихийг зөвшөөрчээ. Энэ үе гэхэд тэр эхнэрээсээ салж, эхнэр нь гурван хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн байна.
Серго Лаврентьевич 2000 онд Киевт нас баржээ. Тэтгэвэрт гарах хүртлээ сүүлийн жилүүдэд Киевийн эрдэм шинжилгээний “Комета” хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байсан байна.
Марта Дроздова
Нууц амраг Валентина (Ляля) Дроздовагаас гарсан Бериягийн охины тухай тодорхой зүйл тун бага юм. Охин 1950 онд төрсөн бөгөөд ийм охин байдгийг эцэг нь 1952 онд Сергод хэлжээ. Ах нь шаардагдвал үеэл дүүгээ асрамжиндаа авах байх гэж эцэг нь хүсдэг байсан байна.
Гэвч ийм явдал болоогүй бөгөөд охин эцгийнхээ төрөл төрөгсдөөс хол хөндий өсчээ. Насанд хүрсэн Марта Дроздова эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, системийн судалгааны хүрээлэнгийн ажилтан болсон байна. Тэрээр харьцангуй саяхан 2014 онд нас баржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ