Шилдэг хөлбөмбөгчнөөр Модричийг тодруулсныг буруушаажээ
“Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналдугийн эрх ашгийг төлөөлдөг хөлбөмбөгийн мэргэжилтэн Жорж Мендеш 2017/2018 оны улирлын тоглолтын дүнгээр Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг “Реал” клубийн тоглогч, хорватын хагас хамгаалагч Лука Модричид очсонд шүүмжлэлтэй ханджээ. Football Espana сайтад ингэж бичсэн байна.
“Роналду 15 бөмбөг оруулж, Аваргуудын лигийн тэмцээнд дахин түрүүлж “Реал” клубийг үнэндээ үүрч гарсан юм” гэж Мендеш мэдэгджээ. Модричийг сонгосон нь “инээдэмтэй, шившигтэй” явдал гэж тэр бас тэмдэглэсэн байна.
Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтын шодох ёслолын үеэр 2017/18 оны улирлын дүнгээр хөлбөмбөгчдөд олгох шагналыг танилцуулсан юм. 2017/18 оны улиралд мадридын “Реал” клубийн бүрэлдэхүүнд тэмцээнд түрүүлсэн тоглогчид бүх байрыг эзлэжээ. Шилдэг хаалгачаар Кейлор Навас, шилдэг хамгаалагчаар Серхио Рамос, шилдэг хагас хамгаалагчаар Модричийг тодруулж, энэ зун Италийн “Ювентус” клубт шилжсэн Роналду шилдэг довтлогч болсон юм.
Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч 32 настай Модрич 2018 оны ДАШТ-д бас амжилттай тоглосон билээ. Тэрээр аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн хувиар “Алтан бөмбөг” гардаж авсан юм. Хорватын шигшээ баг ДАШТ-ий шувтаргад Францын багт хожигдсон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ