Нас барах эрсдэл үрчлээгээр илэрдэг гэнэ
Духан дээр цагаасаа эрт гүн үрчлээ тогтох нь зүрх-судасны өвчнөөр нас барах эрсдэл их байгааг гэрчилж болно гэдгийг Францын Тулузийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. MedialXpress сайтад ингэж бичсэн байна.
20 жил үргэлжилсэн урт хугацааны судалгаанд 32-62 насны эрүүл биетэй 3.2 мянган хүн хамрагджээ. Сайн дурынханд духан дээрх үрчлээнийх нь тоогоор оноо өгчээ. Ингэхдээ үрчлээгүй хүмүүс тэг оноо, харин гүн үрчлээтэй нь гурван оноо авсан байна.
Дээрх хугацаанд 233 хүн янз бүрийн шалтгаанаар нас баржээ. Үүнээс 15.2 хувь нь духан дээрээ хоёр болон үүнээс илүү үрчлээ, 6.6 хувь нь ердөө ганцхан, харин 2.1 хувь нь огт үрчлээгүй байсан аж.
Ингэхдээ үрчлээний тоо нь зүрх-судасны өвчин тусах магадлалтай холбоотой болж таарчээ. Ийнхүү нас, хүйс болон амьдралын хэв маягийг нь харгалзсанаар хамгийн өндөр оноо авсан хүмүүст зүрхний үйл ажиллагаа алдагдаж, цус харваснаар нас барах эрсдэл хамгийн бага оноо авсан хүмүүсийнхээс 10 дахин их байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ